-Мөрийн хөтөлбөрийг шинжихүй-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй 3 нэр дэвшигчийн  мөрийн хөтөлбөрийг олон нийт хэдийнэ харьцуулаад эхэлчихлээ. Мөрийн хөтөлбөрөөс нь хэн нь хэн бэ гэдгийг харж болох учраас тэр биз. МАНАН будан дунд төөрсөн, олигарх, оффшерчдоор дүүрсэн Монголын улс төрийн өнгийг өөрчлөх хүн “Өнөөдөр” бидэнд хэрэгтэй байна. Магадгүй Монголын ирээдүйг зөв замд нь оруулах сүүлийн боломж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль байж болох юм. Монголчууд цагаан цайлган, итгэмтгийгээрээ дэлхийд үнэлэгдсэн ард түмэн. Энэ сайхан чанарыг нь МАНАН-гийн засаг сүүлийн 8 жил ашигласан. Хүн хүнд нэг итгэнэ, хоёр итгэнэ, харин гурав дахь удаагаа итгэдэггүй гэсэн өвгөдийн үг ч бий. Нөгөөтэйгүүр  “За бол андгай буй за” гэсэн мэргэдийн үг бас бий. Тэгэхээр нэр дэвшигчийн Мөрийн хөтөлбөр бол ард түмэндээ амалж буй амлалт, андгай, тангараг юм. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мөрийн хөтөлбөрөө “Их аяныг эхлэхүй” хэмээн нэрлэжээ.Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Хүчирхэг Монголын төлөө”, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Монгол төр-Монгол гэр” хэмээжээ. Мөрийн хөтөлбөрийнх нь гарчигнаас нь л анхны мэдээллийг хүн авч байна. Олон жил мансуууртлаа МАНАН-д “зүтгэсэн” сайн гэхээсээ илүү муу нэрээрээ олноо танигдсан сайхь 2 мөрийн хөтөлбөрөө “Хүчирхэг Монголын төлөө”, “Монгол төр-Монгол гэр” хэмээн нэрлэжээ. Өдий олон жил төрд зүтгэхдээ тэд юу хийсэн болоод ийн мөрийн хөтөлбөрөө нэрлэсэн юм бол гэсэн эргэлзээг түмэнд төрүүлнэ вэ?  Нөгөө талаар Ардын намаас нэр дэвшсэн М.Энхболд энэ сонгуульд “Эвтэй Монгол, ээлтэй төр” гэсэн хоосон уриа дэвшүүлсэн нь 2016 оны Их хурлын сонгуульд 65 суудал авсан энэ намын хувьд ард түмнээ жаргалтай амьдруулна, цалин, тэтгэвэр  нэмнэ, улс орноо хөгжүүлнэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэхчлэн олон амлалтыг өгч төрд гарсан ч гарангуутаа нуруугаа харуулж, цалин, тэтгэвэр нэмэх бус  тэтгэврийн насыг нэмж, долоон төрлийн татвар нэмэгдүүлж, өрийн хугацааг сунган, улс орноо валютын сангийн хараат болгож   ард түмэндээ ээлтэй бодлого нэг ч явуулаагүй учраас “Ээлтэй төр” уриа нь нүдээ олсонгүй. Түүнчлэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр нь ч монгол гэр барих дарааллыг буруутооцсон хэмээн шүүмжлэл дагуулаад байна.  Төр иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдэг, ард түмэндээ үйлчилдэг чих зөөлөн байх тухайд эрх баригч намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт бодитой юм алга. Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын уриа  “Монгол ялна”.              Мөрийн хөтөлбөрөө  “Хүчирхэг Монголын төлөө” хэмээн нэрлэсэн. Түүний дэвшүүлсэн уриа  “Хэнийг ялах гээд байгаа юм бэ”  гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэж байгаа юм. МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар мөн “Бидэнд төлөвлөгөө бий”, “Өөр гарц байна. Бидэнд итгэ” хэмээн хэлж байна. Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын багийнхан  хэдийнэ улс орноо хямралаас гарах гарц, гаргалгааг олж харж хөтөлбөрөө боловсруулсан гэдгийг харж болно. МАХН эрдэмтэн, судлаачид, хуульч боловсон хүчнээр хангагдсан нам. Тийм ч учраас тэдэнтэйгээ хамтранҮндсэн хуулийн төсөл” БНМУ-ын Дээд хууль”-ийг боловсруулснаа өнгөрсөн хавраас эхлэн улс орон даяар тайлбарлан таниулж ирсэн.Монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, хууль, шүүхийн тогтолцоог нэг хүн томилдог биш ард түмнээс  сонгодог болгоё, байгалийн баялгаас хүн бүхэн тэгш хүртдэг болно, төрийн  өмчид ард түмний хяналтыг тогтоох Ардын хянан шалгах хороог байгуулъя, шударга төрийг цогцлоож хоёр танхимтай парламент  байгуулъя. Ингэж байж Монгол Улсаа улс төр, нийгэм, эдийн засгийн мухардмал байдлаас гаргана. Үндсэн хуулийн аргаар хувьсгал хийе гэсэн зорилтыг МАХН  дэвшүүлээд  байгаа. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мөрийн хөтөлбөрийн  нэгдүгээрт  “Хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл, ядуурлыг арилгана” гээд энэ асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбож үзсэн байна. Иймд “Хариуцлагагүй төр , ард түмнээ боддоггүй төр засаглаж байгаа нь үнэн. Эрх мэдэл, мөнгө хоёр холилдож төрийн үйл ажиллагааны гажуудлыг бий болгож байна. Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан Монголын залуус эх орноосоо дайжин гарч, саар санаатангууд эх нутгаар минь хөлхөж байна. Энэ нь аюулын харанга дэлдэж үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Ядуурал Монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Монголд хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ” гэжээ. Гурван нэр дэвшигчээс “Оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтооно” гэж  байр сууриа илэрхийлсэн нь С.Ганбаатар. Түүний мөрийн хөтөлбөрийн хоёрдугаарт “Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна.Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна” гэж амласан. МАХН шинэ Үндсэн хуулийн төсөлдөө монгол хүн төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан. Энэ нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн тавдугаар хэсэгт “Монгол хүний үнэлэмжийг даян дэлхийд дахин цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би ард түмнээ ажилтай, ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгож, ахмад үеийнхнээ хайрлан халамжилна” гэж тусчээ. Мөн мөрийн хөтөлбөрийн зургадугаар хэсэгт “Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байна. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой” гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэж Үндсэн хуульд бий. Тэгвэл түүний зэрэгцээ  ам ба ажил, үг болон үйл хэргийн нэгдлийг хангагч байх ёстой гэдгийг нэр дэвшигч С.Ганбаатар мөрийн хөтөлбөртөө онцолжээ.  Энэ тухайд тэрээр мөрийн хөтөлбөрийнхөө долдугаарт “Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. Бидэнд Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө, ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн Их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий” гэсэн байна.  Уг нь олон нийт, ард түмний зүгээс  тус намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэсэн хүлээлт байсан. Эрх баригчид түүнээс айж, хууль шүүхийн байгууллагаар халхавчлан санаархлаа гүйцэлдүүлж нэр дэвшүүлээгүй учир ялалт авчрах ард түмний захиалгыг биелүүлэх хүнээр ийнхүү С.Ганбаатар тодорсон. Мянганы зам, их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Н.Энхбаярын намаас нэр дэвшигчээс монголчууд түүнтэй дүйх их ажил, зорилтыг хүлээх нь дамжиггүй. Тэгвэл С.Ганбаатар мөрийн хөтөлбөртөө “Мянганы бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина” гэж үзжээ.

МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр хэсэгт “Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно”, “Үндэсний бахархал, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгосон иргэн төлөвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэсэн нь  хариуцах, хэрэгжүүлэх эзэнгүй  тодорхой бус юм. Нийгэм гэж дурдсаныг харахад  төр хариуцлагатай, ард түмэн  хариуцлагагүй,  ёс суртахуунгүй гэж арай үзээгүй байлтай. Ард түмний зүгээс Ерөнхийлөгчөөс хүсэн хүлээж буй оффшорчидтой тэмцэх талаар “Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина” гэсэн хуурай амлалт өгснөөс өөр  дорвитой нэг ч үг хэлсэнгүй. Саяхан л Ардын намын зүгээс  Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуулгүй Зөвлөлдөх санал асуулга” гээчийг цөөн тооны сонгогдсон хүний бүрэлдэхүүнтэй Төрийн ордонд хийсэн нь Цэц дээр маргаан үүсээд явж байгаа. Гэтэл ийм юм хийсэн намын дарга, нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө “Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асууна” гэсэн байх юм. Ардын нам 2016 оны сонгуульд ялалт байгуулснаар төрийн албанд халаа сэлгээ эцэс төгсгөлгүй үргэлжилж 2500 албан хаагч ажлаас халагдсан судалгаа гарсан. Тэгвэл Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ” гэсэн мөн л  ам, ажлын зөрүүг харуулж байна. Эрх баригчдын зүгээс өрсөлдөгчийнхөө нэр дэвших эрхийг хууль, шүүхийн байгууллагыг ашиглан  хориулж, эрх, эрх чөлөөг нь зөрчиж байгаа атлаа “Шүүх шүүнэ, улс төр оролцохгүй. Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана” гэсэн итгэл төрүүлэхгүй байна. Түүнчлэн Хотын дарга, Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлээгүй байж “Нийслэл хотын хөгжлийг төлөвлөх, бодит ажил болгох, гүйцэтгэлд нь хяналт үнэлгээ хийхэд орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн хамтын оролцоог дэмжинэ. Нийслэл хотын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно” хэмээн амласан нь ч итгэл төрүүлэхгүй байна.

Ийн гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг нь харьцуулахад хөгжлийг харсан гарц, гаргалгаа, гартаа барьсан хуулийн төсөл С.Ганбаатар болон түүний багт л байна. Төгсгөлд нь нэг зүйлийг онцлоход оффшорчидтой тэмцэнэ, тэдний оффшор дансанд байгаа мөнгийг эх орондоо авч ирнэ гэж нэр дэвшигч С.Ганбаатараас өөр хэн ч амласангүй, дуугарсангүй.