Ц.Шаравдорж /Монгол Улсын гавьяат хуульч, МАХН-ын дэд дарга/ : Шинэ Үндсэн хуулийн төсөлд монгол хүн төрийн хамгаалалтад байна гэж хуульчилсан

 

-МАХН санаачлан Үнд­сэн хуулийн шинэ тө­сөл буюу Дээд хуулийг боловсруулсан. Үндсэн хуу­лийг өөрчлөх шаард­лага, өнөөгийн нөхцөл байд­лыг та хэрхэн дүгнэж байна?

 

-Монгол Улсын ний­гэм, эдийн засаг, улс төр мухард­мал байдалд орчих­сон гэдгийг бид бүгд ярьдаг. Шалтаг, шалт­гаан нь ч маш олон. Хуульч хүний хувьд онцолж хэлэхэд, Монгол Улсад өнөөдөр шу­дарга ёс, хуулийн хариуц­лагын хямралт байдал бий болсон нь түүний нэг юм. Яагаад гэвэл, иргэн хүн хохирвол хамгийн түрүүнд  хуулийн байгууллагад л ханддаг. Тэнд  шударга ёс  тогтоно  гэж итгэж найддаг.

 

Гэтэл өнөөдөр хууль  шүүхийн  байгууллагууд  шударга ажиллахгүй байгаа учраас итгэл алдарсан. Энэ бол зарим шүүгч, прокурор, хууль, шүүхийн ажилтны мэдлэг чадвартай холбоотой. Гэхдээ ийм хүн цөөхөн байх. Би хуулийн байгууллагын ажилтнуудыг ажилдаа эзэн болох  шаардлага хангасан хүмүүс байдаг,   байх ч  ёстой гэж боддог. Гэтэл энэ хүмүүсээс шалтгаалахгүйгээр төрийн дээд албан тушаалтнууд, тодруулбал шүүгч, прокуроруудыг томилдог эрх мэдэлтнүүд, тэдний улс төрийн хүчнүүд тэднийг ажлаа зохих ёсоор хийхэд саад учруулж байна. Үүнээс болж зарим шүүгч, прокурор Монгол Улсын Ерөнхийлөгчийн, хөрөнгө мөнгөтэй  хүмүүсийн, зарим улс төрийн хүчний халаасны хүн болсон нь харагдаад байгаа юм. Монгол Улсын шүүгч, прокурор,  хуулийн бусад  ажилтнууд хуулийг дээдэлж, төр түмэндээ шударга  ажиллана  гэж тангараг өргөдөг. Гэтэл өргөсөн тангарагтаа үнэнч бус, харин ч эсрэгээр нь ажилладаг хүн олон болчихжээ. Иймээс Монгол Улсын одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл гэсэн бүлгийг эргэж харахаас өөр аргагүй.Өнөөгийн дагаж мөрдөж буй Үндсэн хууль завсрын үеийн хууль. Өөрийн үйлчлэлийг бүрэн хангасан, одоо хугацаа хэтэрчихээд байна. Бидэнд хөгжлийн Үндсэн хууль шаардлагатай.

 

-Та бүхний боловсруулсан шинэ хуулийн төсөлд ямар зохицуулалт хийсэн бэ?

 

-Өнөөдөр МАХН-ын санаачлан ард түмнийхээ мэдэл, хэлэлцүүлэгт өргөн бариад байгаа Үндсэн хуулийн төсөлд Монгол Улсын бүх шатны  шүүгч, прокурорыг  ард түмнээсээ сонгодог байя гэсэн хувилбарыг дэвшүүлсэн.1990 оноос өмнө шүүгчийг сонгодог байсан. Ардчилсан шүүхийн үед үүнийг болохгүй гэсэн. Гэхдээ хамгийн гол нь тэр ардчилалдаа  биш  шүүх үүргээ хэрхэн биелүүлж байна вэ, шүүхийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдгийг  заавал  ярих ёстой. Ард түмнээсээ сонгогдсон шүүгч нэрээ бодсон ч, тангарагаа бодсон ч, ард түмнийхээ сонголтыг бодсон ч, ёс зүйгээ бодсон ч үнэнч шударга ажиллахаас өөр аргагүй. Иймээс Монголын ард түмэнд төрийн эрх мэдэл байдаг юм бол, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, төрийнхөө өмнө үүрэг хүлээсэн тэр хүмүүс ард түмний хараа хяналтад байх ёстой. Нөгөө талаас өнөөгийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл гэсэн бүлэгт шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ гэсэн атлаа прокурорыг оруулсан байдаг. Нэгдүгээрт, шүүхтэй  давхацсан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг субьект байж болохгүй.  Хоёрдугаарт,  прокурор  гэдэг албан тушаалтан байцаан шийтгэх үйл ажиллагааны үед өмгөөлөгчтэй нэгэн адил эрх үүргийг хүлээж, мэтгэлцээний тал болж, хэргийн хувь заяаг шийдвэрлэхэд саналаа өгдөг субьект  шүү дээ. Тиймээс шүүгчтэйгээ адилхан би шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг гээд ялладаг асуудал байж болохгүй. Шүүх хүнийг гэм буруутай гэж үзвэл яллах, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах шийдвэрийг гаргадаг онцгой субьект. Харин прокурор гэдэг зөвхөн ялладаг субьектийг шүүхэд хамруулж болохгүй. Энд маш том зарчим алдагдаж байна.

Жишээ нь, шүүн  таслах үйл ажиллагааны практикт прокурор өмгөөлөгчийг бодвол давуу эрхтэйгээр,  давамгайлж хүч түрсэн байдлаар ханддаг болсон. нөгөө талаас байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог өмгөөлөгч үнэхээр хүчин мөхөсдөж байна. Тийм учраас мэтгэлцээнийг Монгол Улсад бий болсон шүүн таслах ажиллагааны жинхэнэ мэтгэлцээний жишгээр явуулъя гэвэл прокурор, өмгөөлөгч хоёр эрх зүйн ижил төвшинд орших ёстой. Манай Үндсэн хуулийн шинэ төсөлд өмгөөлөгчийг эрх зүйн байдлын хувьд байцаан шийтгэх ажиллагаанд өндөр эрх үүрэгтэй оролцуулахаар зохицуулалт хийсэн. Ингэхээс өөр аргагүй.

 

а жишээ хэлнэ үү?

 

-Монгол Улсад явж ирсэн практикийг харах юм бол шүүх, прокурор нь хүнийг гэм буруутай гэсэн байр сууриас хандаад, яллахын тулд, шийтгэхийн тулд ажилладаг болсон. Шүүх хэрэв хэргийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг. Өөрөөр хэлбэл, хэргийн бүрдлийг хангаж ир, шийдэхэд бэлэн болго гэж буцааж байгаа юм. Ингэх юм бол бүх хүнийг шийтгэх нь байна шүү дээ. Юун цагаатгах, энэ тухай асуудал энд байхгүй. Шүүх хэрэв тэр прокурорын, ял төлөвлөж ирсэн тухайн хэргийн бүрдэл хангагдаагүй, тэр хүний гэм буруу нь батлагдаагүй бол цагаатгах ёстой. Өнөөдөр Монгол Улсад цагаатгал гэдэг зүйл бараг байхгүй болчихсон. Үүнийг зориуд тэмдэглэн хэлж байгаагийн учир нь МАХН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд монгол хүн монгол төрийн хамгаалалтад байна гэж заасантай холбоотой. Өөрөөр хэлбэл, эхээс төрсөн хүн гэм буруугүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл Монгол Улсын иргэн гэм буруугүй гэдэг зарчмыг цоо шинээр томъёолж оруулж ирж байгаагаараа  хүний эрхийг дээд зэргээр хангасан шинж чанартай төсөл юм.

 

-Танай намын санаачилж боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд Ардын хянан шалгах хороог бий болгоё гэсэн нь хариуцлагын тухай огт ярихгүй болсон цаг үед анхаарал татлаа. Зохицуулалт нь ямар байх юм бол?

 

-Бид үүнийг санаандгүй оруулчихаагүй. 1990 онд Ардын хянан шалгах хороог татан буулгасны учир өнөөдөр л тодорхой болж байна шүү дээ. Яагаад гэвэл, Монгол Улсын бүх ард түмний өмч, төрийн өмч эзэнгүйдэж, түүнийг хэн дуртай нь, зальтай гэмт  хэрэгтнүүд   авах, хувааж идэх, тэр байтугай сүүлийн үед  оффшорт байрлуулдаг болсон   байна. Иймээс өнөөдөр ард түмний идэх, уух, амьдрах хэвийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа юм. МАХН-ын санаачилж боловсруулсан хуулийн төсөлд Ардын хянан шалгах хороог байгуулах, Ардын хянан шалгах хорооны гишүүдийг бүх ард түмнээс сонгох  заалт  орсон байгаа.  Ер нь одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд төрийн гурван эрх мэдэл буюу  хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх засаглалыг зохицуулсан байгаа. Бидний болвсруулсан хуулийн төсөлд дөрөв дэх эрх мэдэл буюу хянан шалгах эрх мэдлийг оруулж ирсэн. Ард түмэн өөрийнхөө өмчийг мэддэг байя. Бүр тодорхой хэлэх юм бол, стратегийн ордуудыг өнгөрсөн хугацаанд яаж хувааж идэж, гадныхны гар хөл болж эдийн засгийн алуурчдын заавар, тэдэнтэй хамсан хуйвалдсан үйл ажиллагаагаар тарааж цацсаныг монголчууд нийтээрээ харж байгаа. Тэгвэл өнөөдөр стратегийн ач холбогдолтой бүх обьектыг хувьчлах тухай асуудал ярих юм бол Бүх ард түмний саналыг авдаг байх ийм цоо шинэ зарчмыг бид Үндсэн хуульд тусгаж, олон түмэндээ хэлэлцүүлэхээр толилуулж байгаа. Үндсэн хуулийн шинэ  төсөлд  ард түмнээ гэсэн, сайн сайхан амьдралынх нь нөхцөл боломжийг бүрдүүлье гэсэн олон заалт орсны  нэг жишээ энэ юм.

 

 

Ц.Оюунбаатар /МАХН-ын дэд дарга, Шадар сайд асан/: Ийм хуулийн төсөл  дэлхийн хаана ч байхгүй

 

 

-Монгол Улсыг хямралаас гаргах гарцыг МАХН хэрхэн тодорхойлж байна. Ямар санал, санаачилга гаргаж байна вэ?

 

-Юуны өмнө хэлэхэд, өнөөдөр бид  сэтгэл зүрхээрээ  эх орноо хамгаалах хэрэгтэй байна. Яагаад ингэж хэлэв гэвэл, өмнө нь хилийн цэрэг ямар хэрэгтэй юм бэ гэж зарим хүн хэлдэг байсан. Өнөөдөр тэр үг бараг  үнэн байж гэдэг нь харагдаж эхэлсэн. Цаагуур нь, далдуур эх орныг чинь худалдчихсан байна шүү дээ. Өнөөдөр манай газар доорх бүх баялаг гадны мэдэлд орчихсон. Эдийн засгийн хувьд колончлогдсон. Төр нь гадны мэдэлд оччихсон, одоо юугаа хамгаалах гэж бид хил дээр цэрэг зогсоох юм бэ. Тийм биз дээ. Чи Монгол  хүн, монгол цустай юм  бол эх орноо авар гэдэг үгийг бүх монгол  хүнд хүргэх  хэрэгтэй. Үүнд хоёр арга арга бий гэж бид үзэж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шинэчлэл хийх. Хуулийн ганц, нэг заалтыг  зассанаар болчихгүй. Дордуулсан долоон заалт шиг юм хийгээд олигархиуд төрөөс зайлахгүй. Дэлхийд байхгүй Монголын энэ их баялаг дээр иргэд нь ядуу зүдүү амьдарч байхад  олигархиуд оффшорт 17 тэрбумыг аваачаад  хадгалчихсан. Монгол Улсыг сүүлийн хэдэн жил 24-25 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан. Сая 580 сая ам.долларынхаа өрийг  зээлээр төллөө. Урд хормойгоо авч ар хормойгоо нөхөж байна. Энэ өрийг хэн төлөх юм бэ. Ард түмэн л төлнө.  Харь гаригаас тусламж ирэхгүй шүү дээ. Энэ бүхнийг шийдэхийн тулд, болохгүй, бүтэхгүй байгаа нийгмээ засахын тулд, улс орноо өөд татаж, хөгжүүлэхийн тулд, ядарсан зүдэрсэн олон түмнээ босгохын тулд бид Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах ёстой. Шинэ Үндсэн хуулийн төсөл БНМУ-ын дээд хууль дээр бид олон хоног, сар толгой өндийх завгүй суусан. Бид ийм гарцыг тодорхойлж, ажиллаж байгаа.

-Хуулийн төслийн гол үзэл санааг тайлбарлана уу?

-Шинэ Үндсэн хуулийн гол үзэл санаа нь монгол хүнээ төвд нь тавьсан. Ийм Үндсэн  хууль дэлхийгээс олоод ир гэвэл байхгүй. Тиймээс энэ хуулийг хэлэлцэхээс аргагүй, батлахаас аргагүй. Бүгдээрээ хэлэлцэж, дутууг нь нөхөж, зохицуулж, төрөө хяналттай болгож Ардын хянан шалгах хороог хуульчлан баталгаажуулж, шүүх, прокурор, сонгуулийн хороог ард түмнээсээ сонгодог болгож өөрчилнө. Монгол Улс оршихын үндэс шударга ёсыг тогтоох. Шударга Үндсэн хуультай болох. Дээр нь  бие биеэ хүндэлсэн, эв нэгдэлтэй орон болох ёстой. Үүний тулд улс төрийн намуудыг ч гэсэн өөрчлөх ёстой. Энэ Үндсэн хуульд ороогүй. Ер нь бол намын хатуу гишүүнчлэлийг нэн даруй зогсоож байж Монгол Улс хөгжинө. Яагаад Монгол Улс  26 жил өрөнд баригдаж, өтөнд идэгдэв гэвэл улс төрийн намаар ард түмнээ хувааж, талцуулж, дээр нь нам дамжсан олигархи бүлэглэл, гэмт хэрэгтнүүд баялаг дээр эзэн сууж байна. Захиалгат хэвлэл мэдээлэл, захиалгат шүүх, захиалгат прокурор, захилгат мөрдөн байцаах үйл ажиллагаа гээд монголчуудыг дотор нь хагалж, сүйтгэж байна. Урвалт шарвалт газар авлаа. Одоохондоо нам сольж байгаа юм шиг боловч, эх орноо худалдахад бэлэн. Худалдаад ч эхэлчихсэн. Өнөөдөр дунд сургуульд эх оронч үзлийг заахгүй юм бол, мөнгө харсан үзлээр 2045 он гэхэд ойрхон хөршийн мэдэлд орохоор байна.Тиймээс монголчууд сэрэх цаг болсон. Сэрцгээ гэж МАХН уриалж байгаа.