Ж.Гомбожав: Зөвлөлдөх санал асуулга бол гадны захиалгаар хийсэн хулгай

 

/АИХ-ын дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн/

-Үндсэн хуулийг өөрчлөх тухай сүүлийн үед хүчтэй яригдаж, олон талаас  хөдөлгөөн өрнүүлэх боллоо. Ингэвэл өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн мухардлаас гарна гэцгээж байгааг та юу гэж үзэж байна?

-Би Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй. Одоо мөрдөж байгаа хууль маань боломжийн гэж боддог, тэгж ойлгодог байсан. Гэтэл сүүлийн үед Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэдэг тал руу боддог  болсон.

Учир нь  нэгдүгээрт,төрийн эрх барьж байгаа намуудын дээд удирдлагын түвшинд ажиллаж буй хүмүүс үйл ажиллагаатай холбоотой. Төрд ард түмний итгэх итгэл алдагдсан. Хоёрдугаарт, төрийн дээд эрх мэдлийг сүүлийн 20 гаруй жил хашиж байгаа хүмүүсийн дотор ёс суртахууны, хуулийн зөрчлүүд түгээмэл болсон.   Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар үүнээс  салахаас, ээлжит сонгуулиудаар шинэчлэлт, өөрчлөлт гарах бололцоогүй. Ялангуяа сүүлийн 3-4 удаагийн сонгуулийн үр дүнгээс би ийм дүгнэлт хийж байгаа. Яагаад сонгуулиар өөрчилж болохгүй байна вэ гэвэл, өнөөдөр ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульдаа тунхагласан ч ард түмэн  энэ эрх мэдлээ намд алдчихсан. Тухайлбал, саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ  гэдэг асуудлыг шийдлээ. Парламентад суудалтай гурван нам л нэр дэвшүүлэх эрхтэй. Түүнээс бие дааж дэвших эрхгүй. Хамт олон, иргэдийн төлөөлөл нэр дэвшүүлэх боломжгүй. Энэ байдал Үндсэн хуулиас эхтэй.

Үндсэн хуульд парламентад суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гээд хатуу заачихсан. Бусад орны практикаас харахад, намууд нэр дэвшүүлэхээс гадна иргэд өөрсдөө ч нэрээ дэвшүүлэх боломжтой байдаг. Манайх ч ялгаагүй  ийм байх ёстой. Гэтэл ард түмний эрх мэдэл байхгүй болчихсон. Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль ч ихэнхдээ намуудын сонгосон хүнд иргэд саналаа өгөх үүрэгтэй болчихсон.  Нөгөө талаас, нам сонгосон тэр хүмүүсийг ард түмэн дэмжээд саналаа өгчихөж байгаа боловч дараа нь сонгогдсон тэр хүмүүс нь хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна уу, үгүй юу. Ёс суртахууны алдаа гаргавал түүнд хяналт тавих энэ эрх мэдэл мөн байхгүй болчихсон. Биднийг төлөөлж байгаа 76 гишүүн ямар л шийдвэр гаргая гэвэл гаргадаг. Ард түмнийхээ хүсэн хүлээсэн дийлэнх олонхийн саналыг харгалзаж үздэггүй. Хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ хүртэл шалгаж чадахгүй болсон байна.Ард түмэн нэгдүгээрт,  сонгож чадахгүй. Хоёрдугаарт хяналт тавьж чадахгүй болсон. Энэ бол  засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт хэрэгжихгүй байгаагийн жишээ. Үүнийг засах механизм нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хоёр танхимтай парламенттай болох юм. Ардын Их Хурал /АИХ/  энд хяналтын үүрэг гүйцэтгэнэ. Хууль тогтоох байгууллага буюу Улсын Бага Хурал байна. Монгол Улс түүхэндээ энэ аргыг хэд хэдэн удаа хэрэглэж байсан. Ийм замаар одоогийн улс төрийн, цаашдаа эдийн засгийн хямралаас гарах боломжтой. Өөр гарц байхгүй
– МАХН-аас Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулснаа 21 аймаг, нийслэлийн иргэдэд танилцуулж,  санал солилцож байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би МАХН-ын удирдлагуудтай уулзсан. Надад төслөө өгснийг уншсан. Авах, гээх юм байна лээ. Ийм төсөл боловсруулсан хүмүүс байгаа. Тэдэн дотроос шүүж авах хэрэгтэй. Шүүж авах нь харин зөвлөлдөх санал асуулга нэртэй жүжиглэлийн хэлбэрээр биш санамсаргүй түүврийн аргаар хүн цуглуулж санал авах  ч бус, харин ч  санаатайгаар талуудыг цуглуулж төсөл дээр ажиллуулах хэрэгтэй. Тухайлбал, эрдэмтэн, судлаач, төр, нийгмийн зүтгэлтэн, хуульч, энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг цуглуулж ажиллуулаад дараа нь ард нийтээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Сая сонсч байх нь ээ, зөвлөлдөх санал асуулга гээчийн санамсаргүй түүвэрт бичиг үсэг мэдэхгүй хүн гарч ирсэн гэсэн. Ийм хүн баймааргүй юм. Зарим нь үүний чинь хүчинд Төрийн ордныг нэг үзчихье гэхээс тэнд хэлэлцэж байгаа асуудлын утга, ач холбогдлыг төдийлөн мэдэхгүй хүн ч ороод ирсэн байгаа.  Ирсэн бүх төлөөлөл тийм гэж хэлэхгүй ч, зарим нь ийм л байна. Үндсэн хуулийг ингэж гурилдах биш Монгол улсын нэртэй хүмүүсийг зориуд цуглуулж төр хөрөнгө гаргаж ажиллуулах хэрэгтэй. Төр  хөрөнгө гаргахгүй байлаа ч улс орныхоо төлөө санаачилгаараа ажиллах хүмүүс бий.              Зөвлөлдөх санал асуулгын ажлын хэсгийн зарим бүрэлдэхүүн  надад таалагдахгүй байгаа. Үндсэн хуулийг дордуулах чиглэлийн бодлоготой хүмүүс ч орсон байж мэднэ.

-Үндсэн хуулийн хамгаалагч гэгддэг иргэн Б.Ламжав гуай маань намын захиалгат “чоно” болчихсон зөвлөлдөх санал асуулгын зөвлөлийн дарга гээд тууж явсан. Ер нь нэг намын захиалга биелүүлэгчид гэж харагдаад байгаа?

-Б.Ламжавыг  та  сая хэлчихлээ. Бас шашин, төр хоёр тусдаа байх ёстой атал Д.Чойжамц хамбыг тэр зөвлөлдөө оруулсан нь ч гэсэн тархи угаахад хамбын нэр төр, хашиж буй албыг ашиглах зорилго байгаагаас хууль зөрчиж байна шүү дээ. Н.Жанцанноровт  би хэлсэн. Уг нь тэр мундаг сэтгэлгээтэй, хөгжмийн том зохиолч. Гэхдээ хууль зүйн талаасаа Үндсэн хууль бариад явах хэмжээнд байна уу, үгүй юу. Н.Жанцанноров надад “Зөвлөлдөх санал асуулга ард нийтээс санал авахын тулд хийж байгаа болохоос Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш шүү дээ” гэсэн. Гэтэл тэдний тэр сайхан сэтгэлийг наана нь хэдэн нөхөд ашиглаж, Үндсэн хуульд гар хүрэх гээд байна. Гай нь гар хүрэх боломжийг тэдэнд олгож өгөөд байна шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт  хөгжмөөр бол  хэн нэг нот мэдэхгүй хүнээр тоглуулмааргүй байна. Ингэх аваас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэмцлийн хурц хэлбэр рүү шилжинэ. Тэгэхээр төр галаар наадаж байгаа юм биш үү. Тиймээс эртхэн болих хэрэгтэй баймаар. Ажлын хэсэг гэж хөөрцөглөөд байгаа хүмүүс ард түмнийхээ үгийг сонсох учиртай. Монголын ард түмэн дотор Монголоо гэсэн хүн олон бий. Тэрийг мэдрээсэй. Мэдрэхгүй байгаагийн гол нь тойрон хүрээлэгч хэдэн хүнийхээ үгэнд итгэчихээд байна. Тэд нь ачир дээрээ бас нөгөө голд байгаа хүмүүсээрээ тоглох гээд байна. Үүнээс болж олноороо шорон руу явах явдал гарах вий. 1937, 1939 оны хэлмэгдүүлэлт давтагдах вий. Ийм аюул байна. Үндсэн хуулиар гоомой  юм хийж тоглож болохгүй. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиа хүчингүй болгох ёстой.  Төрийн эрхийг ард түмэн барих ёстой болохоос аль нэг архаг улстөрч, бизнесийн бүлэглэл барьдаггүй юм гэдгийг энэ дашрамд хатуу  хэлье.