БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС /БНМУ/-ЫН 

ДЭЭД /ҮНДСЭН/ ХУУЛЬ

/ товчлон оруулав/

 

Мөнх тэнгэрийн хүчин дор оршиж буй Монголын ард түмэн бид,Эрт эдүгээгийн баялаг түүхийнхээ ололт амжилтаас үнэт сургамж авч, бататган баяжуулж, Нийт монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалж, сайн сайхан амьдралыг хангахын тулд оршин тогтнож буй БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тууштай хамгаалж, бэхжүүлэн  бататгахаа гүнээ ухамсарлаж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Өвөг дээдсийн үнэт сургааль, хэл соёлынхоо нандин өв, уламжлалыг хадгалан хөгжүүлж, Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтод хүндэтгэлтэй хандаж, Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг дэвшүүлж энэхүү Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

 

Бүгд Найрамдах Монгол Улс

 

Нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс  бөгөөд албан ёсны нэр нь “Бүгд Найрамдах Монгол Улс”/товчлол нь – БНМУ/ мөн.

БНМУ-ын  уриа нь: “Эрч хүч, Цог хийморь, Эв нэгдэл, Гал голомт” мөн

 БНМУ-ын Үндсэн  хууль, хууль тогтоомж

 

Үндсэн хууль нь БНМУ-ын хууль эрхзүйн дээд хүчин чадалтай тулгуур хууль мөн.БНМУ-д Үндсэн хуулийн утга агуулга, зарчим болон зүйл заалт бүрийг яг зааснаар нь хөдөлбөргүй баримтлан дагаж мөрдөнө.БНМУ-ын Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчимд төрийн байгууллагын аливаа шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрэн  нийцсэн байна.

 

Гуравдугаар зүйл. БНМУ-ын иргэн

 

БНМУ-ын  иргэн эцэг эхээс төрсөн хүн БНМУ-ын  иргэн   байна.Эцэг, эхийнх нь аль нэг нь БНМУ-ын иргэн бол тухайн хүн 16 нас хүрмэгцээ БНМУ-ын иргэн болох хүсэлтээ гаргавал БНМУ-ын иргэн болно.

 

Дөрөвдүгээр зүйл. БНМУ-ын ард түмний төр засгийг бүрдүүлэх бүрэн эрх 

 

БНМУ-ын нийт иргэд, тэдний үр сад нь Монголын ард түмэн мөн. БНМУ-д Монголын ард түмэн төр засаг, түүний бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж мөн бөгөөд төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна.

 

Тавдугаар зүйл. Төр засгийн эрх мэдлийн хуваарилалт

БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийг хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдэл гэсэн байдлаар хуваарилан хэрэгжүүлнэ.

Төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгчид нь үйл ажиллагаагаа харилцан тэнцвэртэй байх зарчмаар явуулах бөгөөд аль нэг нь бусдаасаа давамгай эрх мэдэл эдэлж үл болно.

 

Зургаадугаар зүйл. БНМУ-ын нутаг дэвсгэр, түүний халдашгүй дархан байдал

 

БНМУ-ын нутаг дэвсгэр халдашгүй дархан бөгөөд улсын хилийг Үндсэн хуулийн дагуу хуулиар бататгана.БНМУ-ын Зэвсэгт хүчин БНМУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үүрэгтэй.

Долоодугаар зүйл. Хэл, соёл

 

БНМУ-д төрийн хэл нь монгол хэл байна. БНМУ-ын иргэн монгол хэлийг заавал эзэмшсэн байна. БНМУ-д олон улсын байгууллагаас бусад аливаа байгууллага  албан хэргээ монгол хэлээр явуулна.

 

Наймдугаар зүйл. БНМУ-ын эдийн засаг

 

БНМУ-ын эдийн засгийн үндэс суурь нь хувийн өмч, төрийн өмч, нийтийн өмч, дундын өмч зэрэг өмчийн олон хэлбэрт тулгуурласан аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх чөлөө, эрүүл саруул өрсөлдөөн, хамтын ажиллагааг хүндэтгэсэн нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн харилцаа мөн.

 

Есдүгээр зүйл. Гэр бүл

 

Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж, нийгмийн харилцааны суурь мөн.

Хуулиар тогтоосон насанд хүрсэн эмэгтэй эрэгтэй хоёр хүний сайн дурын, тэгш эрх бүхий харилцаанд тулгуурласан, хууль ёсоор  баталгаажсан хамтын амьдралын холбоог гэр бүл гэнэ.

 

Аравдугаар зүйл. Төр засаг, шашны харилцаа

 

БНМУ-д төр засаг нь аливаа шашныг хүндэтгэнэ.БНМУ-д төр засгийн байгууллага сүм хийдийн дотоод хэрэгт оролцох, шашны байгууллагууд улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг тус тус хориглоно.

 

Арваннэгдүгээр зүйл. Улс төрийн нам, сайн дурын байгууллаг

БНМУ-ын төр засаг улс орноо хөгжүүлэхэд чиглэгдсэн үзэл бодлын эрүүл саруул өрсөлдөөний орчныг бүрдүүлэхийн тулд тодорхой үзэл баримтлал бүхий улс төрийн нам байгуулах эрх чөлөөг хангана.

 

Арванхоёрдугаар зүйл. БНМУ-ын нийслэл, засаг захиргааны бүтэц

 

БНМУ-ын хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдлийн төв байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ.

БНМУ нь засаг захиргааны хувьд нийслэл, аймаг, хотод хуваарилагдана. Нийслэл, улсын чанартай хот нь дүүрэг, хороонд, аймаг нь орон нутгийн чанартай хот, тосгон, сумд хуваарилагдана.

.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

БНМУ-ЫН  ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХ,

ЭРХ ЧӨЛӨӨ, ҮҮРЭГ, БАТАЛГАА

 

Арвангуравдугаар зүйл. Хүний болон иргэний эрх, эрх чөлөө 

 

Хүн бүр амьд явах эрхтэй. Хүн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах эрхтэй. . Хүн бүр хууль эрх зүйн харилцаанд аливаа байгууллага, албан тушаалтантай ижил тэгш эрхтэй.

 

Арвандөрөвдүгээр зүйл. Хүний болон иргэний үүрэг

 

Хүн бүр бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй.

Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг дээдлэн сахиж, улс үндэсний эрх ашгийг хүндэтгэх үүрэгтэй.

 

Арвантавдугаар зүйл. Хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа

 

БНМУ-д Монгол хүн төрийн хамгаалалтанд байна. БНМУ-ын  төр засаг хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хуулиар бататган хамгаалах, аюулгүй байдлыг нь баттай хангах үүрэгтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. БНМУ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

 

НЭГ.ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ БУЮУ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ

 

Арванзургаадугаар  зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгч

 

БНМУ-ын Ерөнхийлөгч бол төр засгийн тэргүүн бөгөөд Үндсэн хуулийг хүндэтгэн дээдэлж, чандлан баримталж, төр засгийн байгууллагуудын хариуцлагатай үйл ажиллагаа, төрийн үйл хэрэг үл тасалдах байдлыг хангаж зохицуулна.

Арвандолоодугаар  зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, сонгох

 

Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэнийг таван жилийн хугацаагаар сонгоно.БНМУ-ын уугуул иргэнийг Ерөнхийлөгчөөр хоёроос илүү удаа сонгохыг хориглоно.

 

Арваннаймдугаар зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

 

Засгийн газрыг тэргүүлэх ,БНМУ-ын Зэвсэгт хүчнийг ерөнхийлөн захирах

Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн чуулганы хуралдаанд тааллаараа оролцож үг хэлэх…21 зүйлийн бүрэн эрх эдлэнэ

 

Арванесдүгээр зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг

 

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжид нийцүүлэн зарлиг гаргана. Ерөнхийлөгчийн зарлиг батлагдмагцаа хүчин төгөлдөр болж, хууль, хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хорьдугаар зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах, чөлөөлөх

 

Улсын Дээд Шүүхийн бүрэн бүрэлдэхүүний дийлэнх олонхи буюу 2/3 нь Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн тохиолдолд, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдөх санал гаргасан тохиолдолд уг асуудлыг авч хэлэлцэнэ

Хориннэгдүгээр зүйл. БНМУ-ын  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн баталгаа

 

Ерөнхийлөгчийн нэр төр халдашгүй байна.

 

Хоринхоёрдугаар  зүйл. БНМУ-ын Засгийн газар

 

Засгийн газар бол төр засгийн хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч байгууллага мөн. Засгийн газар Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг биелүүлж, эдийн засаг, нийгэм, соёл, захиргааны байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй.

Хорингуравдугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

 

Төрийн захиргааны төв байгууллагыг шууд удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдана. Бүрэн эрхийг  19 заалт бүхий эрх эдлэнэ

Хориндөрөвдүгээр зүйл. БНМУ-ын Төрийн алба

 

Төрийн алба нь төрийн хууль тогтоох, хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх, шүүх, хянах эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн албан хаагчдаас  бүрдэнэ.

 

Хоринтавдугаар зүйл. Сонгуулийн ерөнхий хороо

 

Сонгуулийн ерөнхий хороо нь БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн  санал асуулга, бүх шатны сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий сонгуулийн төв байгууллага мөн.

ХОЁР. БНМУ-ЫН  ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛ

 

Хоринзургаадугаар зүйл. Парламент

 

Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч нь парламент байна. Парламент нь хууль тогтоох эрх бүхий Улсын Бага Хуралдай, хууль батлах эрх бүхий Үндэсний Их Хуралдайгаас бүрдэнэ.

 

Хориндолоодугаар зүйл. БНМУ-ын Үндэсний Их Хуралдай

 

Үндэсний Их Хуралдай нь нийт ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэх байгууллага мөн. 16 заалт бүхий эрхтэй

 

Хориннаймдугаар зүйл. БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн бүрэн эрх

 

Үндэсний Их Хуралдай дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ 15 зүйл заалт бүхий заалттай

 

Хоринесдүгээр зүйл. БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн чуулган

                                                                   

Үндэсний Их Хуралдайн ээлжит чуулганыг улирал тутам нэг удаа ажлын 10 хоногийн хугацаанд багтаан Төрийн ордонд хийнэ. Шаардлагатай тохиолдолд  тухайн чуулганыг ажлын 5 хоног сунгаж болно.

 

Гучдугаар зүйл. БНМУ-ын Бага хуралдай

 

Улсын Бага Хуралдай нь нийт ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэх байгууллага мөн..

 

Гучиннэгдүгээр зүйл. БНМУ-ын Бага Хуралдайн бүрэн эрх

 

Улсын Бага Хуралдай төрийн дотоод, гадаад бодлогын дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:20 заалт бүхий эрхтэй

 

Гучинхоёрдугаар зүйл. БНМУ-ын Бага хуралдайн чуулган

 

Улсын Бага Хуралдай бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ. Улсын Бага Хуралдайн ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таван хоногоос доошгүй ажлын өдөр чуулна.

 

Гучингуравдугаар зүйл. БНМУ-ын Бага Хуралдайн гишүүний бүрэн эрхийн баталгаа

 

Улсын Бага Хуралдайн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Төрийн албаны Зөвлөлөөс тогтоосон хэмжээний цалинг улсын төсвөөс авна. Засгийн газрын гишүүний болон төрийн, төрийн бус аль ч байгууллагын ажил, албан тушаал, сонгуульт ажлыг давхар хашихыг хориглоно.

ГУРАВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

 

Гучиндөрөвдүгээр зүйл. БНМУ-ын Шүүх

 

БНМУ-д шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх өөртөө хадгалан хэрэгжүүлнэ, өөр байгууллага хэрэгжүүлэхийг хориглоно.

 

Гучинтавдугаар зүйл. Шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим

 

Бүх шатны шүүх хэрэг, маргааныг эрх тэгш талуудын мэтгэлцээний үндсэн дээр хянан хэлэлцэж талуудын байр суурьт хэт хөтлөгдөлгүйгээр шударгаар шийдвэрлэнэ.

 

Гучинзургаадугаар зүйл. Шүүхийн бие даасан байдал, бүрэн эрхийн баталгаа

 

Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүхийн үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн  баталгааг төр засаг хариуцана.

 

Гучиндолоодугаар зүйл. Шүүгчийг сонгох, чөлөөлөх

 

Бүх шатны шүүхийн шүүгч 6 жилийн хугацаагаар сонгогдоно.

Гучиннаймдугаар зүйл. Улсын Дээд Шүүх

 

Улсын Дээд Шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Улсын Дээд Шүүх нь 21 гишүүнтэй байна. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр  хамгийн олон жил шүүгчээр ажилласан нь ажиллана.

ДӨРӨВ. ХЯНАН ШАЛГАХ ЭРХ МЭДЭЛ

 

Гучинесдүгээр зүйл. БНМУ-ын Ардын хянан шалгах хороо

 

БНМУ-ын Ардын хянан шалгах хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ.

 

Дөчдүгээр зүйл. БНМУ-ын Ардын хянан шалгах хорооны бүрэн эрх

 

БНМУ-ын Ардын хянан шалгах хороо нь 9 зүйлийн хяналтыг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Дөчиннэгдүгээр зүйл. БНМУ-ын  Хүний Эрхийн Үндэсний Хороо

 

БНМУ-ын Хүний эрхийн үндэсний хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ.

 

 

ДӨРӨВДҮГЭЭР  БҮЛЭГ

 

БНМУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА

 

Дөчинхоёрдугаар. Засаг захиргааны тогтолцоо

 

БНМУ-ын  нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд нийслэл, аймаг, улсын чанартай хотод, аймаг нь орон нутгийн чанартай хот, сум, тосгонд,  нийслэл, улсын чанартай хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд тус тус хуваарилагдана.

 

Дөчингуравдугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага

 

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол нийслэл, дүүрэг, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хот, тосгон, суманд тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн нийтийн хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид…

 

Дөчиндөрөвдүгээр зүйл. Засаг захиргааны нэгжийн удирдлага

 

Нийслэл, аймаг, сум, дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн нийслэл, аймаг, сум, дүүрэг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.

 

Дөчинтавдугаар зүйл. Төрийн болон өөрөө удирдах ёсны байгууллагын уялдаа холбоо

 

Засаг дарга, Захирагч нь харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг дарга, Захирагчийн өмнө биечлэн хариуцна.

Дөчинзургаадугаар зүйл. Засаг захиргааны нэгжийн удирдлага, үйл ажиллагаа

 

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тухайн нийслэл, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хот, сум, тосгон, дүүрэг, хорооны Засаг захиргааны нэгжийн хэмжээнд ,улсын чанартай асуудал болон дээд шатны нэгжийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

 

 

Дөчиндолоодугаар зүйл. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, Захирагчийн шийдвэр

 

Нийслэл, улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот, тосгон, сум, дүүрэг, хорооны хурал эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол, Засаг дарга, Захирагч  нь захирамж тус тус гаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ

 

БНМУ-ЫН ҮНДСЭН ХУУЛЬД

НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

 

Дөчиннаймдугаар зүйл. Үндсэн хууль шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

 

БНМУ-ын Үндсэн хууль шинээр батлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт сонгогчдын 10-аас доошгүй хувь нь албан ёсоор санал гаргасан тохиолдолд уг саналыг Улсын Бага Хуралдай авч хэлэлцэнэ.

 

Дөчинесдүгээр зүйл. Үндсэн хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах журам

 

Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Улсын Бага Хуралдай авч хэлэлцээд нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь санал нэгдэн баталвал баталсан хувийг Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлнэ.

 

Тавьдугаар зүйл. Үндсэн хуулийг дагаж мөрдөх

БНМУ-ын энэхүү Үндсэн хуулийг … оны …  дугаар сарын –ны/ний өдрийн … цаг буюу Арван долдугаар жарны … жилийн … сарын шинийн … өдрийн … цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.

Мэдэгтүн! Сахигтун!

 

…  оны  …-р сарын … өдөр                                                      Улаанбаатар хот.