ИЛ ЗАХИДАЛ

 

 

МАХН-ын гишүүд, дэмжигчид ээ,

Түмт, Мянгат, Зуут, Аравтын дарга нар аа, ухуулагчид аа,

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бүхний дэмжлэг туслалцаа, нөр их хөдөлмөрийн хүчээр сонгуулийн ажил маань амжилттай өрнөж байгаад баяртай байна. Бид Та бүхнийгээ бусад намууд шиг өндөр урамшуулал, хөлсөөр ажиллуулах боломж бага байгаа ч Та бүхний намаа гэсэн дэмжлэг, эх орныхоо гэсэн сэтгэлээр тань маш их талархаж байна.

Хэдхэн хоногийн дараа Та бидний нөр их хөдөлмөрийн үр дүн гарч, амжилт, ялалтаа хамтдаа тэмдэглэх тэр мөчийг хүсэн хүлээж байна. Тийм учраас  үлдсэн хугацаанд урьд урьдынхаас улам их идэвхи зүтгэлтэй ажиллах шаардлагатай байна.

Эрхэм журмын нөхөд өө, намын гишүүд, дэмжигчидээ.

Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж буй үлдсэн өдрүүдэд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, сонгогчдын саналыг татах зорилготой элдэв хууль бус үйлдэл, арга ажиллагааг илрүүлэх, түүнийг баримтжуулах, таслан зогсооход намын сонгуулийн ажилтнуудтайгаа илүү ойртон хамтран ажиллахыг Та бүхэндээ уриалж байна.

Та бидний хамтын хүсэл зорилго, хүч хөдөлмөр амжилттай хэрэгжиж ялалтанд хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Та бүхэндээ амжилт хүсье.

 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч

Намбарын Энхбаяр