Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.-Долоон жилийн дараа хуралдсан МАХН-ын II Их чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бидний хувьд их удаан хүлээсэн хурал боллоо. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд Их хурлаа хийх бололцоо муу байсан. Гэхдээ манай намын гишүүд, дэмжигчид Монголын өнцөг булан бүрээс ирж, хурлаа сайхан хийлээ. Энэ хуралд оролцсон 1100 орчим төлөөлөгч МАХН-ын үйл ажиллагаа, зорилго, зорилтыг сонсч, санаа бодлоо шийдвэрт тусгуулан, эргээд сум, орон нутагтаа очиж сурталчлах учиртай. Гол сурталчлах асуудлын нэг нь МАХН-ын гишүүд, эрдэмтдийн боловсруулсан Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл юм. Хоёрдугаарт шинэчлэн найруулсан Мөрийн хөтөлбөр, дүрмээ баталж, туг, сүлдэндээ өөрчлөлт орууллаа. Энэ бүх шийдвэрээ төлөөлөгчид ард иргэддээ очиж танилцуулна.

-Энэ чуулганаар хэлэлцсэн асуудлуудаас Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл анхаарал татаж байна. Ямар агуулга, үзэл санаатай Үндсэн хууль юм бэ?
-МАХН улс орныг хөгжүүлэх зөв гарцтай, алсын хараатай нам. Бидний алсын хараа бол Шинэ дээд Үндсэн хууль байна. Үүнийгээ ард түмэнтэйгээ хамтран баталж, хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. Энэ Үндсэн хууль батлагдсан цагаас Монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно гэх зэрэг бидний хүсэн хүлээж буй зүйлс амьдралд хэрэгжинэ.

-Дээрх зүйлсийг заавал Үндсэн хуульд суулгах шаардлагатай юу? Аль нэг намын мөрийн хөтөлбөр шиг сонсогдоод байна л даа?
-Нам бүр иймэрхүү зүйлс ярьдаг ч үнэн хэрэгтээ хэрэгждэггүй. Яагаад гэвэл Үндсэн хуулиндаа тусгаагүй учраас тэр. Өнөөдрийн Үндсэн хуульд үнэгүй боловсрол, эрүүл мэнд, залуу гэр бүлийн орон сууц олгох, байгалийн баялаг ард түмний дундын өмч байх, шүүх хараат бус байж, ард түмнээс сонгох гэх зэрэг талаар нэг ч зүйл байхгүй. Тийм учраас шийдэгдэхгүй байгаа юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд хэн нэгэн даргыг муулаад, аль нэг намыг хараагаад явахгүй. Намууд угаасаа Үндсэн хуульд тийм зүйл заалт байхгүй учраас хэрэгжүүлж чадах ч үгүй. Тийм учраас Үндсэн хуульд тусгаж өгөх нь хамгийн зөв гарц гэдэгт бид 100 хувь итгэлтэй байгаа. Намынхан дотроо итгээд зогсохгүй ард иргэддээ итгүүлмээр байгаа юм. Иргэд хүнд хэцүүтэй тулгарсаар байгаад аливаад итгэх итгэл алдарсан, идэвх санаачлагагүй болсон. Энэ идэвх, санаачлагыг сэргээмээр байна.

-Үнэгүй орон сууц, боловсрол олгоно гэхэд хөрөнгө мөнгө, санхүүгийн эх үүсвэрийн асуудал нэн тэргүүнд хөндөгдөнө. Бодит амьдралд хэрэгжүүлэх арга замыг нь хэрхэн харж байгаа юм бэ?
-Байгалийн баялаг ард түмний гарт очвол үнэгүй орон сууц, боловсролыг авч болно. Хамгийн бүдүүлгээр хэлэхэд Тавантолгойн орд таван тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нүүрсний үнийг хамгийн багаар буюу 20 ам.доллар гэж бодоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө Тавантолгойд байна. Тэгвэл Монголын бүх айлыг буюу 450 мянган өрхийг нэг мкв нь 1000 ам.доллар бүхий 50 мкв орон сууцтай болгоход 24 тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм боломж бололцоо байна. Гэтэл МАН, АН-ынхан хамтарч ажиллаж байгаад өнөөдөөр 24 тэрбум ам.долларын өр тавьчихаад байна. 450 мянган айл өрхийг орон сууцтай болгох хөрөнгөөр юу ч хийгээгүй байна. 200 мянган оюутны төлбөрийг төлөхөд жилд 200 сая ам.доллар болно. “Оюутолгой”, “Эрдэнэт”-д үүнээс ч илүү нөөц бий. Тиймээс Үндсэн хуульд суулгавал энэ бүхэн хэрэгжих бүрэн боломжтой гэсэн үг.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад, ард иргэдээр хэлэлцүүлэн, УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихад бэлэн болчихоод байгаа. Энэ төслийн хувьд ямар байр суурьтай байгаа бэ?
-Энэ төсөлд туссан зүйлсээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг маш учир дутагдалтай оролдлого гэдгийг би МАН, АН-ынханд аль алинд нь хэлсэн. Яагаад гэвэл тэнд үнэгүй боловсрол, эрүүл мэнд гээд миний дурдсан зүйлс нэг нь ч тусаагүй. Юу туссан гэвэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасъя гэж байна. Тийм юм хөөцөлдөх, цаг хугацаагаа зарцуулах хэнд хэрэгтэй юм бэ. Түүнийг сурталчилж, мөнгө зарцуулаад яах юм бэ. Хоёрдугаарт УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн Засгийн газар дэмжээгүй саналыг Улсын төсөвт оруулж болохгүй гэж байна. Тэгэхээр Засгийн газрын бүрэн хараат байдалд орохоор байгаа юм. Тэгвэл тэр УИХ-ын гишүүн яах гэж сонгогдсон байх вэ. Иймэрхүү маягаар эрх мэдлийг зарим газарт бууруулсан, заримд нь нэмсэн, ард түмэн УИХ-ын хоорондын ан цавыг улам нэмэгдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг битгий хийгээч гэж ний нуугүй хэлж, шүүмжилж, гуйж аргадах гэж оролдож байгаа. Иргэдээ гэсэн сэтгэл байвал ийм гоомой юм хийхгүй байх. Хэрэв хийе гэвэл бидний бэлдээд өгсөн Шинэ Үндсэн хуулийн төсөл байна. Үүнийг бид өмчлөхгүй, илүү сайжруулбал бид дэмжинэ. Харин муутгаж болохгүй.

-Таны танилцуулсан шинэ Үндсэн хуульд “Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байна” гэсэн заалт байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг харин ч нэмэгдүүлэх учиртай. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, амалсан амлалтаа биелүүлэх ёстой. Засгийн газар ч тэр, Ерөнхийлөгч ч тэр сонгогдох гэж амлалт өгдөг. Аль аль нь биелүүлэхгүй орхиод байна. Тийм учраас амлалтаа заавал биелүүлдэг хариуцлагатай албан тушаалтан бий болгохын тулд Шинэ дээд Үндсэн хууль цорын ганц зөв гарц болно. Сайн хүнийг хүлээхээс илүү сайн Үндсэн хуультай болох ёстой.

-Шударгаар хэлэхэд, энэ Үндсэн хуулийг баталж, хэрэгжүүлэх магадлал хэр байна гэж та бодож байна вэ?
-Эрх баригчид шинэ Үндсэн хуулийг батлахгүй бол яах вэ гэж олон асууж байгаа. Үндсэн хуулийг ард түмэн батална. Тийм учраас бид ард түмний гарын үсгийг цуглуулна. Нэг саяас доошгүй гарын үсэг цуглуулж чадвал Үндсэн хуулийг баталж, хэрэгжинэ.

-Гэхдээ хууль тогтоох дээд байгууллага УИХ шүү дээ? 
-Хууль тогтоох дээд байгууллага өөрсдөө хаанаас сонгогддог юм бэ. Тэд тэнгэрээс унаад ирээгүй, ард түмнээс л сонгогддог. Тийм учраас нийт хоёр сая сонгогчийн 50-аас дээш хувийн санал авсан бол хууль тогтоох дээд байгууллага ард түмний саналыг хэлбэржүүлж, баталгаажуулахаас өөр ямар ч арга байхгүй. Энэ Үндсэн хуулийн эхний өгүүлбэрт “Монголын ард түмэн бид энэ Үндсэн хуулийг даян дэлхийд зарлан тунхаглаж байна” гэж байгаа. Аль нэг нам, парламент биш, ард түмэн зарлан тунхаглана гэсэн үг. Тиймээс ард түмэн өөрсдөө батална. Заавал Сүхбаатарын талбайд цуглаж, мод чулуу барин байж ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэггүй. Гэртээ сууж байгаад л Шинэ Үндсэн хуулийг дэмжвэл гарын үсгээ зурахад хангалттай.

-Оны өмнө МАХН-ын Их хурал хэмээн зарлан хуралдуулсан. Тэр хурлын талаар байр суурь, тайлбар хэлэх үү?
-Бид ямар ч тайлбар хийхгүй. Хийгээд байх шаардлага ч үгүй. Яагаад гэвэл жинхэнэ Их хурлаа бид хийлээ.

-МАХН-ын даргаар таныг улираан сонголоо. Намынхаа үйл ажиллаагаа, зорилго чиглэлд ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ? МАХН хоёр хуваагдлаа, дотооддоо хагарал үүслээ гэж их ярьж байгаа шүү дээ. 
-Ямар ч хагарал бутрал байхгүй гэдгийг саяны Их чуулганаас харсан биздээ. Намын даргын хувьд, энэ албан тушаалд дахин сонгож, ард түмэндээ итгэл төрүүлж, тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх даалгавар өгсөн намынхаа гишүүдэд баярлаж талархсанаа илэрхийлж байна. Хэрэв дахиад өмнө нь туулсан шигээ хүнд хэцүүг туулах ёстой бол би даван туулна. Гэхдээ заавал ингэхгүйгээр улс орныхоо ирээдүйн төлөө МАХН шинэ Үндсэн хуулийг баталж, өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо аврахыг уриалж байна. Бид энэ хуулийг өмчлөхгүй. Бүх намуудад санал тавьж, хамтдаа хэлэлцэн, энэ их үйл хэргийг өрнүүлэн, богино хугацаанд баталж, улс орноо өөдөн татаж, ард түмэндээ туслан, гайхамшигтай Монгол орныг бүтээе гэж уриалж байгаа юм. Харин энэ Үндсэн хуулийг батлахгүй, харсан ч хараагүй юм шиг байж, ард түмэнд танилцуулахгүй байя гэвэл Монголын ирээдүйд эргэлзэж, гэрэл гэгээтэй болгохыг эсэргүүцэж байна гэж үзэн таслан зогсооно. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ хамтарч ажиллана гэдэг чухал. Хүссэн хүн бүртэй иргэд хамтарч ажиллахгүй. Харин зовлон жаргалыг мэддэг, шийдэх гарцыг зөв олж харсан нам, хүнтэй хамтарч ажиллана. Бидэнд бусад намуудтай харьцуулахад илүү давуу бодлого, туршлага, сэтгэл байгаа цагт хамтарч ажиллана гэж бодож байна. Монгол Улсад тулгамдаж байгаа бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө өөрт байгаа мэдлэг боловсрол, ёс суртахуунаа зориулна гэж бодож байна.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал