Баянзүрх дүүргийн дахин сонгуульд бие даан нэр дэвшиж буй Н.Уламбаяртай ярилцлаа.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд бие даан нэр дэвших болсон зорилго чинь юу байв?

Би Баянзүрх дүүргийн МАХН-ын түмтийн даргаар давхар ажилладаг. Улс төрийн намын зорилго улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдруулахад чиглэдэг. Тиймээс нэгэнт улс төрийн амьдралыг сонгоод ард түмний төлөө ажиллана гээд зорьж яваа хүний хувьд энэхүү сонгуульд нэр дэвших ёстой гэж бодсон юм. Баянзүрх дүүргийг харахад сүүлийн үед засаглалын хямралтай, ард иргэдийн амьдрал тааруу, хүүхэд багачууд цэцэрлэг сургуулийн хүртээмж муутай, дээр нь газрын маргаанаас болсон бухимдал нэлээд хуримтлагдсан байдалтай явж ирсэн.

Тэгвэл энэ дүүргийн маань нутаг дэвсгэрт улс төрийн сонгууль болж байна шүү дээ. Иймд дүүргийн иргэдийн эрх ашгийг хамгаалъя, бодол санааг нь төрийн бодлогод тусгуулъя гэж шийдсэн. Баянзүрх дүүрэгт өмнө нь манай намыг сонгуульд оролцож нэр дэвшүүлье гэхэд оролцуулаагүй. Сая  дахин сонгууль зарлахад нь бүртгүүлье гэхэд ч бүртгэсэнгүй. Сонгуулийн ерөнхий хороо манай дэмжигч гишүүдийн бодол санааг огт хайхрахгүй байна. Ийм үзэгдэл хавтгайраад олон жил болж байна. Манай намын дарга Н.Энхбаярыг 2012, 2016 оны УИХ-ын, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус оруулаагүй тэр хүний сонгогдох эрхийг зөрчин түүнийг дэмжих гэсэн олон зуун  мянган сонгогчдын сонгох эрхийг давхар зөрчин хэлмэгдүүлж байгаа гэмт хэргийг ард түмэн хараад ойлгож байгаа байхаа.

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгууль бол аль болох бүхий л иргэдийн төлөөлөл байх учиртай. Тэр иргэдийн дунд аль нэг намыг дэмждэг, эсхүл аль ч намыг дэмждэггүй хүмүүс байгаа.

Манай дүүргийн иргэдийн дунд МАХН-ын дэмжигч гишүүд ч байгаа, бусад намыг дэмждэг хүмүүс ч байдаг. Аль алиных нь төлөөллийг хангаж байж л ИТХ бүрэн бүтэн болно.

Зөвхөн МАН-ын гишүүд амьдардаг, эсхүл АН-ын гишүүд л амьдардаг дүүрэг биш шүү дээ. ИТХ-ыг бүрэн бүтэн болгоё, засаглалын хямралтай, маргаантай байгаа энэ нөхцөлд иргэдийнхээ нүд чих болж, шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулж ажиллая гэсэн зорилгоор бие даан нэр дэвшиж байна.