Өмнөговь аймгийн Ханбогд сумын жирийн нэг малчинд бэлчээрээ сайжруулах, ахуйгаа дээшлүүлэх, малынхаа үр шимийг илүү нэмэгдүүлж, бүтээмжээ өсгөх ямар нэгэн шинэ санаа төрвөл тэрбээр хэнд, хаана хандахаа хэдийн мэддэг болжээ. “Аливаа санаа, санаачилга гарвал би зөвлөлд хэлдэг, тэд цаашаа “Оюу толгой” компанитай холбож, шийдвэр гаргах замаар тусалдаг” хэмээн тус сумын малчин Ш.Ганбат ярьж байв.

Уул уурхайн нөлөөллийн талаар гомдол гаргах малчид, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах компани хоорондын харилцаа анх амар байгаагүй нь мэдээж. 2012 онд Ханбогд сумын хэсэг малчин нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговортой холбоотой, 2013 онд Ундайн гол, Бор Овоогийн буюу Ханбогд сумын малчдын уламжлалт нүүдэл, ус, бэлчээрийн эх болсон газартай холбоотой гомдлоо Нийцлийн зөвлөх, гомдол барагдуулах омбудсмен(CAO)-д хүргүүлж байжээ. Байгаль орчин, нийгмийн гомдлыг хараат бусаар хянан үздэг тус байгууллагын зуучлалтай хэлэлцээний явцад талууд 2015 оны зургадугаар сарын 8-нд Гурван талт зөвлөлийг анх байгуулсан түүхтэй.
Энэхүү Зөвлөл нь Ханбогд сумын засаг захиргаа, малчид, “Оюу толгой” компанийн төлөөллөөс бүрддэг. Анх тал бүрээс тав гээд нийт 15 гишүүнтэй байсан бол малчдын төлөөллийг баг бүрээс гурав болгон нэмэгдүүлж, 12 малчин төлөөлөгчтэй, нийт 22 гишүүнтэй болж өргөжжээ. Гурван талын ахлах гишүүн удирдах нэгжийг бүрдүүлж, даргын үүргийг ээлжлэн гүйцэтгэдэг.
Хамгийн чухал нь оролцоо, тэндээс гарсан саналыг шийдвэрлэх механизм. Аливаа асуудлаар эхлээд зөвшилцөх, тохиролцоонд хүрэхгүй бол дахин хэлэлцэх боломж олгоно. Санал хураах шаардлагатай үед оролцсон саналын эрхтэй гишүүдийн 75 хувийн дэмжлэгээс гадна тал бүрийн дор хаяж нэг гишүүний дэмжлэг шаарддаг. Нэг талын оролцсон гишүүд бүгд эсэргүүцвэл шийдвэр гаргахгүй байх хамгаалалттай.
Ийм зохицуулалтын цаад зорилго нь малчдын саналыг сонсоод өнгөрдөг биш, харин тэдний зөвшөөрөл, үндэслэл, асуулт бүхэн шийдвэрийн агуулгад нөлөөлөх ёстой гэсэн зарчмыг тогтоох ажээ. Малчид гомдол гаргах эрхээ хадгалахын зэрэгцээ хамтын шийдвэр гаргагчийн үүрэгтэй болсон гэдгийг нэмж тодотгох нь зүйтэй.

Гомдол шийдвэрлэх ажлын үргэлжлэл ч тодорхой. Малчдын төлөөлөгчид санал, санаачилгыг нэгтгэн зөвлөлд хүргүүлж, гарсан мэдээллийг малчдад буцаан түгээх үүргийг эргээд Гурван талт зөвлөл хүлээнэ. Компани өөрийн удирдлага, нэгжүүдтэй, орон нутгийн төлөөлөл сумын байгууллага, иргэдтэй мэдээллээ холбодог. Хэлэлцсэн асуудлыг хариуцах талын ажил болгох, хэрэгжилтийг эргэн мэдээлэх нь энэ харилцааг нэг удаагийн уулзалтаас ялгаруулж, урт хугацааны үр дүнтэй тогтолцоо болгох цөм болжээ.
2017 оны тавдугаар сард талууд гомдол барагдуулах хоёр багц гэрээг байгуулсан байдаг. “Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцааны мэргэжилтэн П.Золбуянхишигийн тайлбарласнаар эдгээрийн хүрээнд ус, бэлчээр, мониторинг, нөхөн олговор, тогтвортой амьжиргаатай холбоотой олон ажил хэрэгжүүлж, дотоод үнэлгээгээр хэрэгжилт 2024 оны үйл ажиллагааны тайланд дурдсан дотоод үнэлгээгээр 74 хувьтай байсан нь том ахиц ажээ.
Улмаар 2019 оны гуравдугаар сард CAO болон талууд хаалтын уулзалт хийсэн бол 2020 оны тавдугаар сард CAO дүгнэлтийн тайлангаа гаргаж, малчдын гомдлыг шийдвэрлэх ажиллагааг албан ёсоор хаасан. Ингэснээр Зөвлөлийн ажил зогсолгүй, харин ч малчдын амьжиргааг сайжруулж, бэлчээр, ус, орчныг сайжруулах олон том төслийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр байна.
Энэ зуур болж буй, юугаар ч хэмжишгүй үнэ цэн бол итгэлцэл юм. “2024 оноос хөндлөнгийн чиглүүлэгч, нарийн бичигтэй болсон нь талуудын ойлголцлыг сайжруулах, ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлж байна” гэдгийг П.Золбуянхишиг тайлбарласан. Өөр өөр ажил, үүрэгтэй төлөөлөгчдийн хэлэлцээг тогтмолжуулахад энэ бүтэц чухал нэмэр болж байгаа бөгөөд зохион байгуулалт, мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна.
“Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг хариуцсан ерөнхий менежер Кайл Баколл “Бид Гурван талт зөвлөлөөр дамжуулан ажилладаг. Үүнд Өмнөговийн орон нутгийн иргэдийн төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөл, мөн Оюу толгойн төлөөлөл оролцдог. Нөлөөлөлд өртсөн малчин өрхүүд юу туулсан, тэдэнд ямар нөлөө үзүүлснийг бид ойлгох шаардлагатай. Ингэснээр уурхайг зөвхөн уурхайн үйл ажиллагааны өнцгөөс харах бус, нийгмийн хувьд хэрхэн урт хугацааны, тогтвортой өөрчлөлт бий болгох вэ гэдгийг авч үзэх боломжтой болж буй” хэмээн мөн онцолсон юм.

Уул уурхай гэдэг тухайн орчиндоо тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлэх нь жам. Харин “Оюу толгой” компанийн хувьд уурхайн үйл ажиллагаа дуусахад анх олборлолт эхлүүлж байсан үеийнхээс дордуулахгүй, харин ч олон зүйлээр дээрдсэн, байгаль орчин, биологийн олон янз байдал хадгалагдан тэлсэн, малчдын амьжиргаа, амьдрах чадвар ахисан байхыг эрмэлзэж төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг тухайгаа ярьдаг. Үүгээрээ ч өнөөдөр хариуцлагатай уул уурхайн үлгэр жишээг Монгол Улсад харуулж, олон чиглэлд сайн туршлага, жишгийг тогтоон, түгээн дэлгэрүүлж байна.
Малчдын гаргасан саналыг өөрсдөөр нь удирдуулан хэрэгжүүлэх механизмын нэг гол тулгуур бол багуудын анхан шатны хоршоог нэгтгэсэн дундын хоршоо юм. Дундын хоршоотой хамтран хэрэгжүүлэх нийтийн нөхөн олговрын таван төсөл хэрэгжилтийн шатанд шилжсэнийг энэ оны зургаадугаар сарын 10-ны Гурван талт зөвлөлийн хурлаар хэлэлцжээ. 2024 оны байдлаар Гурван талт зөвлөлийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд нийт 15 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон тухай П.Золбуянхишиг мэдээлсэн бөгөөд энэ тоо цаашид өсөн нэмэгдсээр байх нь дамжиггүй.
Ханбогдод бүрэлдсэн хамтын шийдвэр гаргах энэ туршлага уул уурхайтай бусад аймаг орон нутаг төдийгүй гадаадын төслийн мэргэжилтнүүдийн анхаарлыг хэдийн татжээ. Зөвлөлийн 2025 оны тайланд дурдсанаар, “Рио Тинто”-ийн Казахстан дахь хайгуулын төслийн мэргэжилтнүүд зөвлөлийн гишүүдтэй уулзаж, сайн туршлагатай нь танилцсан байна. Монголд ч Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл энэ загварыг бусад бүс нутгийн онцлогт тохируулан хэрэглэх боломжийг хэлэлцсэн зэрэг олон жишээ дурдаж болно. Энэ сайн туршлага Монголоос хальж, олон улсын уул уурхайн салбарын маргаан зохицуулах сайн практикийн нэг болсныг CAO-ийн өөрийн дүгнэлтээс мөн харж болно. НҮБ-ын хүний эрх ба байгаль орчны асуудлаарх Тусгай илтгэгч Жон Ноксын 2018 оны тайланд энэ тохиолдлыг малчид, уул уурхайн олборлогч компанийн маргааныг шийдвэрлэх сайн туршлагын жишээ гэж дурджээ. https://mongolia.un.org/sites/default/files/2019-09/edited_g1.pdf
Нутгийнхаа өвс ургамал, ан амьтнаас эхлээд ус, бэлчээрээ мэддэг малчдын туршлага компанийн санхүүгийн боломж, мэргэжлийн чадавх, орон нутгийн захиргааны эрх хэмжээ, үүрэг нэг цэгт огтлолцож, энэхүү боломжийг Гурван талт зөвлөл бүрэлдүүлж чаджээ. Олон улсад ч үнэлэгдэж байгаа хариуцлагатай уул уурхайн энэ сайн жишгийг уул уурхайтай бусад аймаг, орон нутаг загвар болгон хэрэгжүүлбэл нийгмийг ойлголт, оролцоо бэхжиж, иргэдийн чадавх сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн олон чухал ач холбогдолтойг “Оюу толгой”-н жишээ бэлхнээ харуулж байна.





