Нэгдүгээр сарын 28-нд Ерөнхий сайд сүр дуулиантай мэдэгдэл хийж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Эрчим хүчний салбарын хүндрэл, доголдлыг арилгаж, бодит ахиц гаргахыг даалгасан. Биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэж анхааруулсан. 30 хоног өнгөрлөө. Гэвч хариуцлага алга.
Үүний оронд өчигдөр (2026.03.01) Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний асуудлаар уулзалт хийж, дахин үүрэг өглөө. Баянгийн 660 мВт-ын станц, Улаанбаатарын түгээх сүлжээний өргөтгөл гэх мэт асуудлыг ярьж, дунд хугацааны арга хэмжээний тогтоол боловсруулж оруулахыг мөн л Б.Чойжилсүрэнд даалгав.
Хэрэв 30 хоногийн дотор үр дүн гараагүй бол сайдыг чөлөөлөх тухай яриа ядаж өрнөх ёстой. Гэтэл “чөлөөлөх нь байтугай дахин чиглэл өгсөн” энэ шийдвэр нь бодлогын тууштай байдал уу, эсвэл “хариуцлага” гэдэг үг зүгээр л улс төрийн мэдэгдлийн чимэг болоод өнгөрөв үү.
Эрчим хүчний салбар тоглоом биш. Хугацаа бол зүгээр нэг тоо биш. Бас хариуцлага бол мэдэгдэл биш хэрэгжих ёстой зарчим юм. Хэрэв төр өөрийн хэлсэн үгэндээ эзэн байж чадахгүй бол маргааш ямар ч сайдад өгсөн хугацаа зүгээр л календарийн хуудсаар хэмжигдэх төдий үлдэх үү?






