УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан Ганзоригийн Дашням сайдын сэнтийд залрах нь. Сонгуулийн үеэр сошиал орчинд “Намайг энэ дэлхийн нарнаас өөр юу ч харлуулж чадахгүй” хэмээн томорч, бусадтай ил цагаан хэрэлдэж явсан тэрбээр өнөөдөр Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын дэд сайдаар томилогдохоор болжээ.
Тэр үед Г.Дашням өөрийгөө “төрөөс төрсөн тэрбумтан биш, ариун хөдөлмөрөөрөө, бизнесээрээ босож ирсэн” хэмээн тодорхойлж, шүүмжилсэн хэн бүхнийг дорд үзсэн өнгө аястай мэдэгдэл хийж байв. Сошиал сүлжээнд УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй маргалдахдаа хүртэл ёс зүйн хэм хэмжээнээс давсан үг хэллэг хэрэглэж, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан нь мартагдаагүй.
Тухайн үед иргэд “ийм хүн сонгуулиар гарвал Төрийн ордон нэг хэрүүлчээр нэмэгдэх нь” хэмээн бухимдаж, соёл, ёс зүй ярих албан тушаалд тохирохгүй гэж шүүмжилж байлаа. Харин өнөөдөр түүнийг соёл, залуучуудын бодлого хариуцсан дэд сайдын суудалд суулгах гэж буй нь ахадсан томилгоо болов.
Сошиалд томордог, өөрийгөө хэн ч шүүмжилж чаддаггүй гэж итгэдэг нэгэн одоо залуучуудад үлгэр дуурайл үзүүлэх, соёлын бодлого ярьж суух нь хэр зохимжтой вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.






