Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих ажлын хүрээнд оюутан залуусын сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр “GP Bright Holding” ХХК-тай хамтран ажиллаж байна.



Энэ хүрээнд таван их сургуульд нийт 1,200 оюутныг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, оюутан залууст тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиглэлээр ажилласан юм.
Мөн “GP Bright Holding” ХХК-аас оюутан залуусыг дэмжих зорилгоор дөрвөн жилийн хугацаанд нийт нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгох “Амжилт-2030” хөтөлбөрийг зарласан билээ.
Тус хөтөлбөрийн эхний жилийн сонгон шалгаруулалтаар 22 оюутан шалгарч, дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Шагнал гардуулах ёслолд “GP Bright Holding” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, УИХ-ын гишүүн Ө.Шижир, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар оролцов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир оюутан залууст тулгардаг гол асуудлын нэг нь сургалтын төлбөр гэдгийг онцолж, тэтгэлэгт хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Тэрбээр “Оюутан залуусын хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, сурч хөгжих, хичээлээс гадуур хөдөлмөр эрхлэх боломжийг нь дэмжих нь тэдний ирээдүйд төдийгүй улс орны хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм” хэмээн онцлоод, нэг тэрбум төгрөгийн тэтгэлгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн “GP Bright Holding” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.
Оюутан залуусын боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь тэдний бие даан хөгжих, ирээдүйн амьдралаа бүтээхэд чухал ач холбогдолтой юм.




