Хүүхэд хамгаална гэсэн сайхан нэрийн дор бүх төрлийн “Тамхин бүтээгдэхүүн”-ийн 80% орчим хориглогдох шийдвэр тун удахгүй гарна. Энэ нь Монгол Улс хууль ёсны худалдаагаа боомилж, хууль бус наймаачдад зах зээлээ бэлэглэх эрсдэлтэй шийдвэр гаргах гэж байна.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан гол заалт болох тамхины амт, үнэрийг хориглолоо гээд хэдэн зуун мянган хэрэглэгч маргааш өглөө нь тамхинаас гарчихгүй гэдгийг ямар ч шинжлэх ухаан, олон улсын туршлага нотлоогүй. Харин өнөөдөр дэлгүүрээс татвараа төлөөд, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн худалдан авч байгаа хэрэглэгчид хаашаа шилжих вэ гэдэг асуулт эндээс төрнө.
Хариулт нь тун энгийн. Эрэлт байсаар байвал түүнийг хангах нийлүүлэлт бий болно. Гагцхүү тэр нийлүүлэлт нь төрийн хяналтаас гадуур, татвар төлдөггүй, чанарын баталгаагүй зах зээл рүү шилжих аюултай.
Ингэснээр хууль ёсны импортлогч, худалдаа эрхлэгчид хохирч, харин хууль бус наймаачдад ашиг олох боломж нээгдэнэ гэдэг нь тодорхой.
Хамгийн хачирхалтай нь, төр өөрөө энэ эрсдэлийг бий болгочхоод дараа нь контрабандтай тэмцэнэ гэж төсвөөс дахин мөнгө зарцуулах нөхцөл үүсгэж мэднэ.
Хүүхдийг хамгаална гэдэг нь хууль бус наймаачдын бизнесийг өргөжүүлэхийн нэр биш. Хориг тавих амархан. Харин үр дагаврыг нь хэн хариуцах вэ?





