Монгол Улс мөнхийн хоёр хөрш Орос, Хятад улстай тэнцвэртэй, тогтвортой харилцах зарчимд гадаад бодлого суурилдаг. Хөршөө сонгох боломж бидэнд байхгүй ч, харилцааны арга барил, институцийн механизм, дипломат, эдийн засгийн уялдаа нь бодлогын амин сүнс болдог. Сүүлийн жилүүдэд Монголын гадаад харилцаа олон түвшинд идэвхжиж, институцийн суурь бэхжсэн нь тод ажиглагдаж байна. Засгийн газар хоорондын комисс, парламент хоорондын харилцаа, эдийн засгийн түр хэлэлцээр, хөрөнгө оруулалт, худалдааны эргэн тойронд тогтвортой механизм бий болж, эдгээр нь зөвхөн дипломат протокол бус, бодит үр дүнтэй, парламентын хяналт, улс төрийн дэмжлэгтэй харилцааны тогтолцоо болжээ.
Энэхүү институцийн баталгаатай харилцааг бодитой хэмжээгээр шалгах боломжийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын тэргүүлсэн албан ёсны айлчлал олгосон. Айлчлал ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдаж, УИХ-ын гишүүд, байнгын хороодын удирдлагууд, холбогдох яамдын төлөөлөл, бизнесийн салбарын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэй байв.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, Холбооны Зөвлөлийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль эрх зүйн орчны уялдаа холбоог сайжруулах, эдийн засгийн зарим чиглэлийг институцийн түвшинд дэмжих асуудлуудыг хэлэлцэв. Уулзалтын агуулга нь зөвхөн албан мэдэгдлээс гадна худалдааны саад тотгорыг бууруулах, стандартын зөрүүг ойртуулах, тээвэр ложистикийн гарц, тарифын нөхцөлийг уялдуулах зэрэг бодит асуудалд төвлөрч байв. Институцийн нарийн ажиллагаа нь Засгийн газар хоорондын тохиролцоог парламентын түвшинд баталгаажуулж, урт хугацааны тогтвортой байдлыг хангах бодит механизм болсон юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд сэтгүүлчийн хувиар оролцохдоо нэг зүйл тод мэдрэгдсэн нь энэ харилцаа зөвхөн албан мэдэгдлээр хэмжигдэхгүй, харин институцийн нарийн ажиллагаагаар хэмжигддэг явдал байв. Уулзалтын өрөөнд хоёр улсын төрийн далбааг эн тэнцүү өндөрт байрлуулж, протоколын дараалал минут секундээр төлөвлөгдсөн, орчуулагчид нэг ч үгийг алдалгүй дамжуулж буй тэр орчинд улс төрийн харилцаа ямар нарийн хэмжүүрээр явагддаг нь илт мэдрэгдэж байлаа. Албан ёсны хэсэг өндөрлөсний дараа талуудын хаалттай яриа үргэлжилж, уулзалтын бодит агуулга зөвхөн камерын өмнөх үгээр хязгаарлагдаагүйг харуулсан юм.
Ийм нөхцөлд УИХ-ын дарга Н.Учралын анхны албан ёсны айлчлалыг Оросоос эхлүүлсэн нь зөвхөн протоколын алхам бус, стратегийн дохио байв. Москва хотноо УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Хурлын Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенкотэй хийсэн уулзалт парламентын дипломат шугамыг бодитоор идэвхжүүлсэн үйл явдал болов. Энэ уулзалт зөвхөн албан ёсны протокол биш, институцийн түвшинд итгэлцэл, харилцан ойлголтыг бататгасан бодит алхам байсан юм.
Матвиенко даргын “Ийм залуухан, боловсролтой удирдагчид их ирээдүй байна” хэмээсэн үг энгийн магтаал мэт сонсогдож болох ч, дипломат харилцаанд нэлээд утга агуулсан дохио байв. Хэн нэгнийг “ирээдүйтэй” гэж тодотгох нь зөвхөн тухайн хүнд бус, тэр хүний төлөөлж буй улс төрийн шинэ үе, шинэ өнгө, шинэ бодлогыг хүлээн зөвшөөрч буй хэлбэр гэж ойлгож болно. Уулзалтын үеэр үг, инээмсэглэл, биеийн хэлэмж, харцны дулаан хүртэл дипломат харилцааны нэг хэсэг нь болж байсныг ажиглах боломжтой байв. Институц, протокол, албан ёсны үгнээс гадна, хүмүүний харилцааны нарийн өнгө, эелдэг байдал, итгэлцэл бүрдүүлж буй жижигхэн үйлдэл ч тухайн уулзалтын амжилтыг тодорхойлдогийг тэр мөчид илэрхий мэдэрсэн.

Энэхүү уулзалт нь зөвхөн парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх хэмжүүр төдийгүй, Монголын залуу удирдлага нь олон улсын дипломат орчинд өөрийн байр сууриа тэнцвэртэй, нам гүм, найрсаг өнгө аястай илэрхийлэх чадвартай болохыг харуулсан бодит жишээ.
Айлчлалын хоёрдахь өдөр нь Москвагийн Ялалтын талбайд “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө болон “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Энэ агшин зөвхөн ёслолын протокол бус, утга агуулгатай байлаа. “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь Аугаа их Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд Монголын ард түмний чин сэтгэлийн илэрхийлэл болж, Зөвлөлтийн ард түмэн болон Улаан армид илгээсэн дулаан хувцас, хоол хүнс, агт морьд, “Хувьсгалт Монгол” танкны цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг бэлгэддэг.

Энэхүү үйлдэл нь өнгөрсөнд гацсан дурсамж бус, 1945 оны Ялтын бага хурлаар баталгаажсан Монголын тусгаар тогтнолыг дипломат хэлээр дахин сануулах стратегийн дохио байсан юм. Түүхэн ой санамжийг сануулах энэ мөч нь институц, түүх, хүний харилцааг нэгтгэсэн бэлгэдэл болон, геополитикийн өнөөгийн нөхцөлд хоёр орны харилцааны утга учрыг гүнзгий ойлгуулах үйлдэл болов.
Мөн хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комиссын II хуралдааныг Алексей Васильевич Гордеев оросын талаас, монголын талаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулсан.

ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хоёр улсын хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев “Засгийн газар хоорондын комиссын хэлэлцсэн асуудлыг давхардуулахгүй” байх зарчмыг онцолсон нь анзаарагдсан. Энэ нь парламент бие даасан институцийн шугам болж, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд улс төрийн баталгаа өгөх үүрэгтэйг харуулсан бодит илрэл байлаа. Жижиг улсын хувьд ийм институцийн давхар баталгаа нь гадаад бодлогын тогтвортой байдлын үндэс болдог. Тус уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг цаашид албажуулах зорилгоор албан ёсны протоколд гарын үсэг зурсан гэдгийг тэрбээр тодотгосон. Уулзалтад оролсон монголын талын сайд нар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Хөдөө аж ахуйн экспорт: 180 сая хэрэглэгчтэй зах зээл рүү
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хэлэхдээ, тэрбээр “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан гурван жилийн хугацаатай хэлэлцээрийг хоёр талын парламент соёрхон баталж, нот бичиг солилцсоноос хойш 60 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэдгийг мэдэгдэв. Гэрээгээр 367 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх, заримыг бууруулах бөгөөд үүний 97 хувь нь ноос, ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн байна. Одоогоор үхрийн маханд 50 хувь, богийн маханд 15 хувийн экспортын татвартай байгаа ч эдгээрийг тэглэснээр экспортын гарц бодитоор нэмэгдэх боломж бүрдэх юм.
Гэвч экспорт нэмэгдүүлэхийн тулд малын эрүүл мэндийн баталгаажуулалт, “эрүүл бүс” байгуулах шаардлагыг ОХУ-ын тал тавьжээ. Мөн стандарт, лабораторийн итгэмжлэл, харилцан хүлээн зөвшөөрөлтийг хангах нь худалдааны саадыг бууруулах гол нөхцөл болохыг сайд онцолсон.
Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайд хэт төвлөрч, хөдөө аж ахуйн экспорт нийт экспортын 1–2 хувийг л эзэлж буйг дурдсан тэрбээр 180 сая хүн амтай ЕАЭЗХ-ны зах зээлд нэвтрэх нь эдийн засгийг төрөлжүүлэх стратегийн алхам хэмээлээ.
Агаарын харилцаа сэргэх нь
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Улаанбаатар–Москва чиглэлийн нислэгийг ирэх дөрөвдүгээр сард сэргээх бэлтгэл хангагдаж байгааг мэдэгдэв. Нислэг замдаа Красноярск хотод арилжааны буулт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Монголын Аэро Монголиа компанид зөвшөөрөл олгохыг Оросын талаас хүссэн.
ОХУ-Украины дайны улмаас 2022 оноос хойш хоёр улсын нийслэлийн шууд нислэг зогссон. Хэрэв завсрын буултгүй бол Улаанбаатар-Москва чиглэлд 7 цаг, буцахад 5 цаг орчим нисэх боломжтой аж.
Шатахууны нөөц ба стратегийн бэлтгэл
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улс дотооддоо шатахууны нөөцийн сав, агуулах барьж ашиглалтад оруулах хүртэл түр хугацаанд ОХУ-ын хил орчмын бүсэд шатахуун хадгалах, агуулах түрээслэх хүсэлтийг илэрхийлсэн. Энэ нь шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах богино хугацааны зохицуулалт гэж үзэж байна.
Санхүүгийн урсгал ба банкны хамтын ажиллагаа
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж хоёр улсын төлбөр тооцооны хүндрэл, Монгол Улс Евразийн хөгжлийн банкнд гишүүнээр элсэх асуудлыг хөндлөө. Хэрэв гишүүн болбол төлбөр тооцоог заавал Хятадын Ардын банкаар дамжуулах шаардлагагүй болж, санхүүгийн урсгал илүү шуурхай, уян хатан болох боломжтой гэж үзэж байна. Мөн экспорт, импортын зөрүүг бууруулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн шимтгэл, гүйлгээний зардлыг багасгах шаардлагыг талууд ярилцсан.
ОХУ-ын талаас төлбөрийн системийн саадыг арилгах хүрээнд Сбербанк болон Газпромбанк-ны салбарыг Монголд нээх боломжийг санал болгосон байна.
Эдийн засгийн хувьд айлчлалын гол агуулга нь Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээр байв. Олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломж нээгдсэн нь экспортын бүтэц нэг зах зээлд төвлөрсөн байдлыг бага хэмжээгээр өөрчлөх стратегийн алхам болов. Гэхдээ бодит байдалд боломж шууд хэрэгжихгүй, логистикийн зардал, стандартын шаардлага, санхүүжилтийн хүртээмж зэрэг сорилт байсаар байна. Тиймээс хэлэлцээрийг бодит үр ашиг болгох эсэх нь дотоод үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараас шууд хамаарна.
Москва хотод болсон бизнес форумын үеэр хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарынхан идэвхтэй оролцож, зах зээлийн сонирхлоо илэрхийлэв. Гэхдээ зарим бизнес эрхлэгчид тээврийн өртөг, хил дамнасан логистикийн хүндрэл, банк санхүүгийн саад зэргийг бодит эрсдэл хэмээн тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын дарга уг форумыг нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах боломж нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр болохыг тодотгов. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлтэй институцийн түвшинд ойртож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц болгох эхлэлийг тавьж байгааг онцоллоо.
Мөн УИХ-ын дарга Н.Учралын Дмитрий Медведевтэй хийсэн уулзалт нь бүс нутгийн тогтвортой байдлын хүрээнд Монголын байр суурийг баталгаажуулах улс төрийн дохио болов. Хил орчмын хамтын ажиллагаа, дэд бүтцийн уялдаа, стратегийн салбарын харилцаа нь Монголын үндэсний аюулгүй байдлын бодит тулгуур хэсэг юм.
Уулзалтын үеэр Дмитрий Медведев Монгол Улс гуравдагч хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, АНУ-ын санаачилсан Энх тайвны зөвлөлд нэгдсэнийг дурдсан байна. Тэрбээр ийм төрлийн гэрээ хэлэлцээр байгуулахдаа Монгол Улс хоёр хөршийнхөө байр суурь, санал бодлыг харгалзан үзвэл илүү зохистой хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Гэхдээ геополитикийн орчин амаргүй хэвээр.Орос-Барууны зөрчил гүнзгийрэх тусам Монголын тэнцвэр барих орон зай нарийсах магадлалтай. Ийм нөхцөлд парламентын дипломат шугам идэвхтэй байх нь гадаад бодлогыг олон төвшинд хэрэгжүүлэх, олон сувгаар харилцах боломжийг нээдэг. Энэ нь жижиг улсын хувьд стратегийн давуу тал болно.
Энэ айлчлал гурван бодит хэмжээсийг нэгтгэж чадсан гэж дүгнэж болно. Түүхийн бэлгэдэл, институцийн баталгаа, эдийн засгийн бодит боломж. Харин хүн хоорондын энгийн харилцаа, эелдэг дипломат өнгө нь эдгээрийг илүү зөөлөн, тогтвортой болгож өгсөн. Том мэдэгдэл бага байсан ч, механизм хөдөлсөн нь илүү чухал байлаа.
Сэтгүүлчийн хувьд ажиглахад, гадаад бодлогын бодит амьдрал хурал танхимын нам гүмд, протоколын нарийн дараалалд, ганц өгүүлбэрийн жинд оршдог юм байна. Чанга уриа биш, харин институцийн уялдаа, стратегийн тооцоо, эдийн засгийн бодит үр ашиг л гадаад бодлогын амжилтыг тодорхойлдог. УИХ-ын дарга Н.Учралын энэхүү айлчлал Монгол Улс гадаад бодлогоо тунхаглалаар бус, механизм, хэлэлцээр, бодит тооцоонд тулгуурлан хэрэгжүүлж буйг харуулсан үйл явдал боллоо.
Ш.АДЪЯАМАА






