Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гуравдугаар хурал өчигдөр /2026.02.26/ боллоо.
Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээтэй холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг боловсруулж танилцуулах тухай, "Нүүдэлчдийн соёлын өв- Мал аж ахуйн ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийн концепц, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ. Мөн “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд оролцох гадаадын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын жагсаалт, Бүгд Найрамдах Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг эх орондоо авчрах, сэлгэх асуудлын явцыг танилцуулж, малчдын дунд цахим дэд бүтцийн хэрэглээг нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцэв.

Шадар сайд Х.Ганхуяг дэд ажлын хэсгүүдэд хариуцсан чиглэлээрээ хөтөлбөр, төлөвлөгөөг эцэслэж, арга хэмжээний үзэл баримтлал болон Ерөнхийлөгчийн санаачилгатай уялдуулан уриа, логоны загварыг боловсруулахыг үүрэг болгов. Мөн “Нүүдэлчдийн соёлын өв – Мал аж ахуйн ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн Засгийн газрын тогтоолын төслийг бэлтгэн танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, дэд ажлын хэсгийн дарга М.Бадамсүрэнд даалгалаа. Түүнчлэн холбогдох зарим бүтээн байгуулалтын ажлын төсвийг шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээ авахыг Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдод үүрэг болгов.
Ирэх долоо хоногт ажлын хэсгийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, нэгдсэн төсвийг хэлэлцэн эцэслэж, зарим ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа.






