ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Поп улстөрчдийн балгаар Ерөнхий сайд Н.Учралын санаа буцав

Поп улстөрчдийн балгаар Ерөнхий сайд Н.Учралын санаа буцав

Оюутолгойн ногдол ашгийг тойрсон маргаан эцэстээ нэг шийдвэрт хүрлээ. Ногдол ашгийг элдэв төсөл, хөтөлбөрт зарцуулах бус, иргэдэд үлдээх чиглэлд шийдвэр өөрчлөгдлөө. Өнгөц харахад иргэдийн хүсэл биелсэн мэт. Гэвч энэ шийдвэрийн цаана Монгол Улс ирээдүйдээ юу бүтээж болох байсан бэ гэсэн асуулт үлдэж байна.

 

Н.Учралын дэвшүүлсэн санааны гол агуулга нь ногдол ашгийг шууд бэлэн мөнгө болгон тараахаас илүүтэй, улс орны хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалтад чиглүүлэхэд оршиж байв. Тухайлбал, ДЦС-6 барихад хөрөнгө оруулж, иргэдэд хувьцаа эзэмшүүлснээр эрчим хүчний хараат байдлыг бууруулахын зэрэгцээ иргэн бүр урт хугацаанд өгөөж хүртэх боломж бүрдүүлэх. Мөн бүс нутаг бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль, дотуур байр байгуулж, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших боломж олгох, эрүүл мэндийн салбараа дэмжих зэрэг ирээдүйд үр өгөөжөө өгөх шийдлүүдийг зорьж байлаа.

 

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ногдол ашгийг маргаашийн Монголд хөрөнгө оруулах боломж гэж харсан хэрэг.

 

Харин О.Батнайрамдал, Ц.Даваасүрэн зэрэг гишүүдийн дэвшүүлсэн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох шаардлага шал өөр өнцөгтэй. Өрхийн орлого хүрэлцэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, зээл, өрийн дарамтад орсон иргэдийн хувьд байгалийн баялгийн өгөөжөөс шууд хүртэхийг хүсэх нь ойлгомжтой. Иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа нь бодит үнэн.

 

Гэхдээ иргэдийн өнөөдрийн хэрэгцээг хангах, улс орны маргаашийн хөгжлийг бүтээх хоёрын хооронд сонголт хийх шаардлага үүсвэл бид аль алиных нь үр дагаврыг тооцох ёстой. Нэг удаагийн мөнгөн олголт өрхийн амьдралд тодорхой дэмжлэг үзүүлж болох ч эрчим хүчний хараат байдлыг арилгах, боловсролын тэгш бус байдлыг бууруулах, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх ажлыг өөрөө шийдэхгүй.

 

ДЦС-6 барьж, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх санал бодитой хэрэгжсэн бол ямар үр дүн гарах байв. Үүнийг мэдэхийн тулд төслийн өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжих хугацаа, иргэдэд ногдох хувьцаа болон өгөөжийн тооцоог нээлттэй гаргах шаардлагатай. Гэхдээ энэ мэт асуулт байгаа нь урт хугацааны шийдлүүдийг хэлэлцэхгүй орхих шалтгаан биш. Харин ч бодит тооцоогоор өрсөлдүүлж, аль хувилбар иргэдэд илүү их өгөөж өгөхийг тогтоох ёстой байв.

 

Ногдол ашгийг иргэдэд үлдээх шийдвэр гарсан нь мөнгө иргэн бүрийн дансанд шууд орсон гэсэн үг биш. Хэзээ, ямар хэлбэрээр, ямар зохицуулалтаар иргэдэд хүртээх нь цаашдын хэрэгжилтээс хамаарна. Харин тодорхой төсөл, хөтөлбөрт зарцуулах хувилбараас ухарсан нь Монгол Улс байгалийн баялгийн өгөөжөөрөө урт хугацааны бүтээн байгуулалт хийх боломжоо хэрхэн ашиглах вэ гэсэн асуудлыг дахин хөндөж байна.

 

Харамсалтай нь, Н.Учралын дэвшүүлсэн санаа улс төрийн маргааны дунд бүдгэрч, эцэст нь өөрчлөгдлөө. О.Батнайрамдал, Ц.Даваасүрэн, Б.Солонгоо нарын байр суурийг шүүмжлэгчид “шударга ёс”-ны нэрийн дор ирээдүйн боломжийг үгүй хийлээ хэмээн дүгнэж байна. Тэдний байр суурийг дэмжигчид харин байгалийн баялгийн өгөөжийг иргэд өөрсдөө хүртэх ёстой гэж үзэж байгаа. Гэвч энэ маргааныг хэн нь эх оронч, хэн нь биш гэдгээр бус, ямар шийдвэр иргэдэд өнөөдөр болон ирээдүйд илүү их өгөөж өгөх байсныг бодит тооцоогоор дүгнэх учиртай.

 

Гэхдээ нэг зүйл тодорхой. Байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх гэдэг нь зөвхөн мөнгө тараах тухай асуудал биш. Иргэдийг эрчим хүчний хараат байдлаас ангид амьдруулах, хүүхдүүдэд чанартай боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох нь ч ард түмэнд баялгийн өгөөжийг хүргэж буй хэлбэр мөн.

 

Магадгүй арван жилийн дараа бид өнөөдрийн шийдвэрийн үр дагаврыг илүү тодорхой ойлгох биз. Яг л Женко ууттай элс цоолдог тухай дүр зураг шиг, тухайн үедээ утгыг нь бүрэн ойлгоогүй зүйл хожим өөр өнцгөөс харагдаж мэднэ. Оюутолгойн ногдол ашгийн тухай өнөөдрийн маргаан ч ирээдүйд Монголын алдсан боломж, хийсэн сонголтыг хэмжих нэгэн жишээ болон үлдэхийг үгүйсгэхгүй.

 

Н.Учралын санааг дэмжигчдийн хувьд энэ бол харамсалтай ухралт. Харин бэлэн мөнгөөр хүртэхийг дэмжигчдийн хувьд иргэдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр. Аль тайлбар нь бодит үр дүнгээр батлагдахыг цаг хугацаа харуулна.

 

Өнөөдөр бид ногдол ашгаа хэрхэн хүртэхээ шийдлээ. Харин арван жилийн дараа Монгол Улс тэр баялгаараа юу бүтээж чадсан, ямар боломжоо алдсан, ирээдүй хойч үедээ юу үлдээснээ дүгнэх болно.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Н.Учрал

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна