ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Ц.Идэрбат: Шинэ үйлдвэр барихаас илүүтэй ажиллаж буй үйлдвэрүүдээ дэмжинэ

Ц.Идэрбат: Шинэ үйлдвэр барихаас илүүтэй ажиллаж буй үйлдвэрүүдээ дэмжинэ

Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өнөөдөр /2026.05.27/Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг зарим боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Өвөрхангай аймаг мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүд аж үйлдвэрийн парк болох чиглэлд хөгжиж байгаа гурван аймгийн нэг. Тиймээс арьс, шир, ноос, мах боловсруулах үйлдвэрүүд нэг дор төвлөрч, аж үйлдвэрийн бүс бий болжээ.   

-“Арьс ирээдүй” ХХК-ийн захирал Д.Баянмөнх хувийн компани өөрийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барьж байгуулсан ч үйл ажиллагааг нь тасралтгүй явуулахад хөрөнгө мөнгөнөөс гадна мэргэжилтэй ажилтнууд дутагдалтай байгаа нь арьс, ширний компаниудад тулгарч байгаа хамгийн том бэрхшээл гэдгийг хэлж байв. “Арьс ирээдүй” ХХК гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн хоёр жил үйл ажиллагаа нь зогсонги байгаа аж. Арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг төрийн өмчит компани хариуцах юм бол үйлдвэрлэгчид гүн боловсруулалт хийх, шилдэг технологи нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүн гаргахад гол үйл ажиллагаагаа чиглүүлэх боломжтой гэдгийг “Арьс ирээдүй” ХХК-ийн захирал Д.Баянмөнх хэллээ.

-“Ноос ирээдүй” ХХК-ийн үйлдвэр өдөрт 15 тонн ноос боловсруулах хүчин чадалтай. Нийт 200 ажиллагсадтай бөгөөд зуны улиралд 50-60 хүний ажлын байр нэмж гаргадаг байна. Түүхий эдээ худалдан авахад хөрөнгө дутагддаг, мөн ноосны урамшууллыг сүүлийн хоёр жил төрөөс олгоогүй байгаа тул малчид ноосоо шууд ченжүүдэд өгч байгаа талаар тус компанийн захирал Ц.Сүхбаатар ярилаа. 

-“Түмний буян далай” хоршооны захирал Ч.Чулуунцэцэг мах боловсруулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. 2012 онд байгуулагдсан тус хоршоо 198 гишүүнтэй. 2021 онд мах боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. 2022 онд ЖДҮХС-гаас зээл авч үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж, технологийг сайжруулсан байна. 

Мах бэлтгэхээс гадна дайвар бүтээгдэхүүн гүзээ, дэлүү, сархинагийг хатааж боловсруулан таван цулын тан нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд худалдаалж байгаа аж. 

Сайд Ц.Идэрбат ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж, орон нутагт үйлдвэр, технологийн паркууд байгуулах чиглэлийг барьж байгаа бөгөөд шинээр боловсруулах үйлдвэр барих бус үйл ажиллагаагаа эхэлж, туршлага хуримтлуулсан аж ахуйн нэгжүүдээ дэмжих, шаардлагатай зээл, хөнгөлөлт үзүүлэх чиглэл баримтална гэдгээ хэллээ.

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Ц.Идэрбат

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна