Үүрийн гэгээ татахаас үдшийн бүрий хүртэл говийн энэ их талд Монголын эдийн засгийг хөдөлгөх хүмүүс ажиллана. Хүнд машин механизм, үйлдвэрийн тасралтгүй ажиллагаа, хүдэр боловсруулах дамжлагын цаана экспортын орлого, ажлын байр, олон өрхийн амьдрал бий. Харин энэ бүхнийг хөдөлгөхөд зэсээс гадна нэг чухал нөөц хэрэгтэй. Тэр бол говийн газрын гүнд нуугдах ус.
Өмнөговьд усны үнэ цэнийг тайлбарлахад нэг их үг хэрэггүй. Малчин өрхийн хувьд худаг ус мал сүргээ өсгөх, бэлчээрээ ашиглах, өдөр тутмын амьдралаа залгуулах үндэс. Харин Оюу толгойн хувьд ус бол хүдэр боловсруулах, баяжуулах үйлдвэрийг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай нөөц. Нэг нутагт орших энэ хоёр амьдралын усны хэрэгцээ өөр ч газрын доорх усны нөөцийг хэрхэн ашиглаж, хамгаалах вэ гэдэг асуулт тэднийг холбодог.
Оюу толгойн усан хангамжийн системтэй танилцахад үйлдвэрийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн талбайгаар хязгаарлагддаггүй нь харагдана. Ус эх үүсвэрээсээ үйлдвэр хүртэл олон арван километр зам туулж, хуримтлуулах байгууламж, насос, шугам хоолойгоор дамжин үйлдвэрлэлд хүрдэг. Хэрэглэсэн усны боломжтой хэсгийг нь буцаан татаж, дахин ашиглах тогтолцоо ч энэ системийн салшгүй хэсэг ажээ.

Оюу толгойн үйлдвэрийн талбайгаас хамгийн холдоо 70 орчим километрийн зайд Гүний хоолойн усны орд байрладаг. Тэнд 28 худгаас ус татаж, 900 миллиметрийн голчтой шугамаар үйлдвэр болон ахуйн хэрэглээнд хүргэдэг байна.
Дэд бүтцийн усан хангамжийн ахлах ажилтан Ж.Туяагийн тайлбарласнаар, усан хангамжийн систем таван ус цуглуулах байгууламж, нэг өргөх байгууламж, тус бүр 200 мянган шоо метрийн багтаамжтай хоёр хиймэл нуураас бүрддэг.
Энэ бол зүгээр л хэдэн худаг, хоолой нийлүүлсэн систем биш. Үйлдвэрийн усан хангамж тасалдахгүй байхын тулд ус татах, дамжуулах, хуримтлуулах байгууламжууд уялдаа холбоотой ажиллах ёстой. Говийн алслагдсан бүсэд ийм системийг ажиллуулахын цаана техник, засвар үйлчилгээ, хяналт, хүний өдөр тутмын хөдөлмөр бий.
Гэхдээ усыг үйлдвэрт хүргэх нь ажлын нэг хэсэг. Говьд хамгийн чухал нь татсан усаа хэрхэн ашиглаж, хэдий хэмжээгээр буцаан эргэлтэд оруулж байгаа вэ гэдэг юм.
Ашигласан усаа буцаан ашиглах нь
Баяжуулах үйлдвэрт хүдэр боловсруулахад ус хэрэглэнэ. Харин хэрэглэсэн усны тодорхой хэсгийг хаягдалтай нь хамт шууд алдахгүй, ялган авч дахин ашиглах боломжтой.
Хаягдал хадгалах байгууламжийн төлөвлөлт хариуцсан ахлах Б.Аюушийн тайлбарласнаар, өтгөрүүлэгчээс гарч буй хаягдлын ойролцоогоор 60 хувь нь хатуу бодис, 40 хувь нь ус байдаг. Хаягдал хадгалах санд хуримтлагдах явцад ялгарсан усыг насосоор буцаан татаж, баяжуулах үйлдвэрт дахин ашигладаг. Мөн газрын хөрсөнд нэвчсэн усыг тусгай сувгаар цуглуулан эргэлтийн системд оруулдаг байна.
Энгийнээр хэлбэл, үйлдвэрт хэрэглэсэн усаа боломжтой хэмжээнд буцаан цуглуулж, дахин ашиглаж байгаа хэрэг. Ингэснээр үйлдвэрлэлд шинээр татах шаардлагатай усны хэмжээг бууруулах боломж бүрдэнэ.
Оюу толгой ус дахин ашиглалтын түвшнээ олон жилийн турш 80–85 хувиас дээш хадгалж ирсэн бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.44 шоо метр ус зарцуулдаг гэж компанийн төлөөлөгчид мэдээлэв. Тэдний тайлбарласнаар, энэ нь дэлхийн дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм.

Энд хоёр өөр хэмжүүр байгааг ойлгох хэрэгтэй. Ус дахин ашиглалтын хувь нь хэрэглэсэн усныхаа хэр их хэсгийг эргүүлэн ашиглаж байгааг, харин нэг тонн хүдэрт ногдох усны хэмжээ нь үйлдвэрлэлд хэр хэмжээний ус зарцуулж байгааг харуулна. Аль аль нь чухал үзүүлэлт боловч усны нөөцөд үзүүлэх нийт нөлөөг дангаараа бүрэн илэрхийлэхгүй. Үүний тулд шинээр татаж буй усны хэмжээ, газрын доорх усны түвшний өөрчлөлт, хяналт шинжилгээний үр дүнг хамтад нь авч үзэх шаардлагатай.
Хаягдал хадгалах сангийн цаадах хяналт
Усны эргэлт хаягдал хадгалах байгууламж дээр ч үргэлжилнэ. Оюу толгой нийт 830 сая тоннын хүчин чадалтай хоёр хаягдал хадгалах сантай. Б.Аюушийн хэлснээр, эхний санг арван жил ашигласны дараа биологийн нөхөн сэргээлтэд шилжүүлсэн бол хоёр дахь санг 2034 он хүртэл ашиглахаар төлөвлөжээ.
Хаягдал хадгалах санг зөвхөн үйлдвэрийн үлдэгдэл хуримтлуулах газар гэж ойлгож болохгүй. Энд ус ялгарч, түүний тодорхой хэсгийг буцаан ашигладаг учраас үйлдвэрлэлийн усны менежменттэй шууд холбоотой. Үүний зэрэгцээ байгууламжийн тогтвортой байдал, усны шүүрэл, байгаль орчинд үзүүлэх нөлөөг тогтмол хянах шаардлагатай.
Ашиглалтын хугацаа дууссаны дараах нөхөн сэргээлт ч мөн адил чухал. Учир нь уурхайн хариуцлага хүдэр олборлох, баяжмал үйлдвэрлэхээр дуусахгүй. Ашигласан талбайг хэрхэн нөхөн сэргээж, байгаль орчны эрсдэлийг хэрхэн удирдаж байгаагаар урт хугацааны үр дүн нь хэмжигдэнэ.


Говийн усны тухай ярихад малчдын худгийн асуудлыг тойрч гарах боломжгүй. Уурхайн гүний ус таталт ойр орчмын малчдын хэрэглээний усанд нөлөөлөх эсэх нь орон нутгийн хувьд чухал асуулт юм.
Оюу толгойн усны хяналт, шинжилгээний зөвлөх Б.Сод-Эрдэнэ газрын доорх усны хяналт, шинжилгээний талаар тайлбарласан. Компанийн мэдээллээр, Гүний хоолойн усны орд болон малчдын ашигладаг гүехэн худгууд нь усны гүн, эрдэсжилт, геологийн тогтоцын хувьд ялгаатай бөгөөд хоорондоо гидрогеологийн холбоогүй гэж үздэг байна.
Гэхдээ энэ бол зөвхөн тайлбарлаад өнгөрөх асуудал биш. Усны түвшин, чанарт гарч буй өөрчлөлтийг тогтмол хэмжиж, үр дүнг харьцуулан үнэлж байж нөлөөлөл байгаа эсэхийг бодитой дүгнэх боломжтой. Иймээс малчидтай хамтарсан мониторинг, шинжилгээний мэдээллийн ил тод байдал чухал ач холбогдолтой.
Учир нь малчны хувьд худаг ус бол амьдралынх нь баталгаа. Уурхайн хувьд ч усны нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглах нь үйлдвэрлэлийн ирээдүйтэй шууд холбоотой.
Уурхай ба орон нутгийн амьдрал
Оюу толгойн үйл ажиллагаа усны хэрэглээгээр хязгаарлагдахгүй. Компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын хөгжилд зориулан жил бүр таван сая ам.доллар зарцуулж ирсэн гэж орон нутгийн харилцааны ахлах менежер О.Цэрэннадмид мэдээлэв.
Мөн хуучин худгуудыг сэргээн засварлах, шинээр худаг гаргах замаар малын бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, уурхайн бүсээр мал нэвтрэх гарц гаргах зэрэг ажил хийжээ. Компанийн тайлбарласнаар, татвар, төлбөрийн тодорхой хэсэг орон нутагт үлдэж, сумын хөгжилд зарцуулагддаг байна.
Уурхайн үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хамрагдсан 100 гаруй өрхөд нөхөн төлбөр, дэмжлэг олгосон бөгөөд өрх бүрийн нөхцөл байдал, нөлөөллийн бүсээс хамааран өөр өөр багц хэрэгжүүлжээ. Үүнд хүүхдүүдийн боловсролыг дэмжих, өрхийн нэгээс хоёр хүнийг ажлын байраар хангах, мал аж ахуй болон бусад бизнесийг хөгжүүлэхэд туслах зэрэг багтдаг аж.
О.Цэрэннадмидын хэлснээр, нутгийн малчид Оюу толгойн уурхайг сайн дэмждэг. Тэрбээр өнгөрсөн хавар баяжмал тээвэрлэх зам хаасан эсэргүүцлийн үеэр нэг ч малчин нэгдээгүйг үүний жишээ болгон дурдсан юм.
Ус ашигласны төлбөрт хэдийг төлдөг вэ?
Усны хэрэглээ нь зөвхөн байгаль орчны асуудал биш, эдийн засгийн тодорхой үүрэг хариуцлага дагуулдаг. Оюу толгойн усны хяналт, шинжилгээний зөвлөх Б.Сод-Эрдэнийн хэлснээр, нэг шоо метр ус ашигласны төлбөр 1,678 төгрөг бөгөөд Оюу толгой 2026 оны эхний есөн сард ус ашигласны төлбөрт ойролцоогоор 24 тэрбум төгрөг төлжээ.
Мөн компанийн мэдээллээр, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хүрээнд 2019 оноос 2026 оны эхний хоёр улирал хүртэлх хугацаанд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн байна.
Анх “Оюу толгой төсөл” хэмээн нэрлэж байсан бүтээн байгуулалт өнөөдөр Монголын эдийн засагт чухал байр суурь эзэлсэн томоохон үйлдвэр болжээ. Үйлдвэрийн усан хангамжтай танилцахад энэ хэмжээний үйлдвэрлэлийг ажиллуулахын тулд газрын гүнээс ус татахаас эхлээд хэрэглэсэн усаа буцаан ашиглах хүртэл олон шат дамжлага, нарийн зохион байгуулалт шаарддаг нь ойлгогдоно.
Гэхдээ говийн усны үнэ цэнийг зөвхөн үйлдвэрт хэдий хэмжээний ус хэрэгтэй байгаагаар хэмжиж болохгүй. Тэр ус малчдын амьдрал, мал сүрэг, бэлчээр нутгийн ирээдүйтэй ч холбоотой. Тиймээс үйлдвэрлэлийн үр ашиг, усны нөөцийн хамгаалалт, орон нутгийн иргэдийн эрх ашиг гурвыг тус тусад нь бус, хамтад нь авч үзэх шаардлагатай.
Оюу толгой гэдэг зөвхөн газрын гүнээс хүдэр олборлож, зэсийн баяжмал үйлдвэрлэдэг уурхай биш ажээ. Говийн алслагдсан нутагт хэдэн арван километр үргэлжлэх ус дамжуулах шугам, аварга том байгууламжууд, өдөр шөнөгүй ажиллах насос, хэрэглэсэн усаа эргүүлэн татаж, дахин ашиглах бүхэл бүтэн тогтолцоо бий. Энэ нүргэлсэн их үйлдвэрлэлийн ард хэчнээн нарийн тооцоо, тасралтгүй ажиллагаа, олон хүний хөдөлмөр байдгийг газар дээр нь очиж үзэхэд илүү тод ойлгоно.
Говьд дусал бүр үнэ цэнтэй. Тиймээс усыг татаж ашиглахаас илүүтэй хэрхэн хэмнэж, эргэлтэд оруулж, үр ашигтай ашиглах нь хөгжлийн бодит үзүүлэлт болдог. Оюу толгойн усны менежментийн туршлагаас харахад уул уурхай, технологи, байгаль хамгааллын уялдаа ямар чухлыг тод харж болно. Энэ бол зөвхөн нэг уурхайн асуудал биш, усны нөөц хязгаарлагдмал Монгол орны ирээдүйн хөгжилд ч хамаатай сорилт юм.
Эцсийн дүндээ Оюу толгойн амжилтыг зөвхөн газрын гүнээс олборлосон зэсээр хэмжихгүй. Говийн ховор усыг хэр ухаалгаар ашиглаж, өнөөдрийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын зэрэгцээ маргаашийн амьдралд үлдээж чадсанаар нь ч үнэлнэ. Учир нь зэс бол эдийн засгийн баялаг, харин ус бол тэр баялгийг бүтээх төдийгүй амьдралыг үргэлжлүүлэх үнэт эх сурвалж юм.
Ш.Адъяамаа






