ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо боллоо. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тус хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн, ажиглагч улсын хувиар оролцож, үг хэлэв. 

 

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд ШХАБ болон түүний оролцогч орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг онцлон тэмдэглэв. 

Тэргүүн Шадар сайд Монгол Улс ШХАБ-ын оролцогч орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр, логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын хувьд худалдаа, ачаа тээвэр, дамжин өнгөрөх тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, тулгарч буй нийтлэг сорилтыг хамтран шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв. 

Үүний зэрэгцээ Монгол Улс энэ онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн 25 дугаар Сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаж, эдгээр арга хэмжээнд ШХАБ-ын гишүүн болон оролцогч орнууд өндөр түвшинд, идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. 

Мөн ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, “Транзит Монгол” хөтөлбөр, гурван улсыг холбосон авто зам, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой зэрэг томоохон төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө Монгол Улс идэвхтэй ажиллаж байгааг онцлов. Түүнчлэн газар зүйн байршлын давуу талдаа тулгуурлан Ази, Европыг холбосон худалдаа, тээвэр, логистикийн зангилаа болох зорилгын хүрээнд дэд бүтэц, эрчим хүч, боомт, тээвэр, логистикийн томоохон төслүүдийг ШХАБ-ын оролцогч орнуудтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ. 

Хуралдааны үеэр төлөөлөгчдийн тэргүүн нар дэлхийн эдийн засгийн өнөөгийн өөрчлөлт, ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх болон байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. 

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзода, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммад Исхак Дар, Туркменистан Улсын Сайд нарын танхимын орлогч дарга Ходжамырат Гелдимырадов нартай тус тус товч уулзалт хийв. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЭЗХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна