“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үг шиг Монгол Улс шатахууныхаа нөөцийг тогтвортой хадгалах, үнийн савалгаа болон хомсдлоос сэргийлэх хүрээнд шатахууны нөөц сав барихад хувийн ААН-үүдэд дэмжлэг үзүүлнэ.
Шатахуун бол эдийн засгийн судас гэхэд хилсдэхгүй. Хил дээрх гацаа, дэлхийн зах зээлийн савалгаа, Оросын нийлүүлэлтийн өөрчлөлт зэрэг шалтгаанаар Монголд шатахууны хомсдол үүсэх эрсдэл байнга тулгардаг.
- 6 сарын хэрэглээний нөөц хадгалах агуулах барихад 3 их наяд төгрөг шаардлагатай.
-1 сарын хэрэглээний нөөц барихад 500 тэрбум төгрөг орчим хэрэгтэй гэсэн тооцоолол хийжээ.
Монголын шатахуун импортлогчид жил бүр хэдэн зуун тэрбумын борлуулалт хийдэг атлаа стратегийн нөөцийн сав барих бол төрийн ажил мэт хүлээдэг байдал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Хувийн хэвшлийн ашиг орлого тогтвортой өсөж, зах зээл дээр өрсөлдөж байгаа хэр нь нөөцийн сав, агуулахын асуудалд төрөөс хамааралтай байх нь шударга, зөв бодлого мөн үү?
Шатахууны нөөц бүрдүүлэх нь бол бизнесийн үндсэн үүрэг. Эрсдлийн менежмент, нөөцийн бодлого, агуулахын хүчин чадал гээд бүх зүйл компаниудын хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэх ёстой ажил. Гэтэл өнөөдөр төр татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийн агуулах барихад дэмжлэг үзүүлэх нь.
Хэдийгээр шатахуун бол стратегийн салбар боловч стратегийн нэр барьж төрөөс бүхнийг бариулж, "угжуулах" зарчмаар явуулж болохгүй. Хэрвээ бизнес эрхэлдэг бол ашигтай үедээ ашиг авч, эрсдэл үүрэхдээ ч өөрсдөө хариуцах нь зөв бус уу.





