Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулах гэсэн яаруу ажиллагаа нь парламентын хууль тогтоох дэг, зарчмаас ч илүү чухал болчихсон юм биш биз?
Хуулийн төслийг хэлэлцэх явцад Хууль тогтоомжын тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн асуудлууд үүссэн. Үүний жишээ нь хуулийн төслийг дэмжих санал хураалтад гишүүний өмнөөс санал өгсөн гэх, санал хураалтын журам зөрчсөн гэх, хуулиар тогтоосон хугацааг мөрдөөгүй гэх зэрэг ноцтой асуудлууд хөндөгдсөн.
Зураг №1: ТХТНӨ-ийн хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.4-т тусгаснаар Англи хэл дээр байрших ёстой.
Эдгээр нь зүгээр нэг техникийн алдаа биш. Хэрэв тогтоогдвол УИХ-ын шийдвэр гаргах ажиллагааны хууль ёсны байдалд шууд хамаарах асуудал юм.
Гэтэл яагаад эдгээр эргэлзээг арилгаж, олон нийтэд тайлбарлахын оронд хуулийг аль болох хурдан батлахыг чухалчилж байна вэ?
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгыг хэн ч үгүйсгэхгүй. Харин тэр зорилгын нэрээр хууль тогтоох ажиллагааны дэг журмыг үл тоомсорлож болохгүй.
Хууль санаачлагчид, ажлын хэсэг, холбогдох байнгын хороод хэлэлцүүлгийн явцад гарсан гэх зөрчил бүрт тодорхой хариулт өгөх ёстой.
Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа сахихгүй бол иргэдээс хууль сахихыг шаардах ёс суртахууны эрхтэй юу?
Хууль батлах хурднаас илүү хууль ёсны байдал чухал.




