ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Эдийн засаг

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

Монголын Засгийн газар болон Rio Tinto компанийн хооронд Оюутолгой төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээ өнөөдөр (2026.05.19) эхэлж байна.

Хэлэлцээг Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын ахалсан Ажлын хэсэг удирдаж байгаа бөгөөд төслийн засаглалыг сайжруулах, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч буй юм.

Сайд энэ талаар өмнө нь  “Хэлэлцээр маш эрчимтэй, бодит үр дүнтэй үргэлжилж байгаа. Долоон жилийн турш гацсан зээлийн хүүгийн асуудлыг хэлэлцэх боломжийг нээж чадлаа. Мөн хэлэлцээг үр дүнд хүрэх хүртэл үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн. Зээлийн хүү болон менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн бууруулах шийдлүүд яригдаж байна” гэж мэдэгдсэн. 

Хэлэлцээ өнөөдөр хоёр үе шаттайгаар үргэлжилнэ.Тодруулбал, 10:30 цагаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд менежментийн гэрээг шинэчлэх, өөрчлөх асуудлаар талуудын хэлэлцээ эхлэх бол 14:00 цагаас Сангийн яаманд зээлийн хүүг бууруулах асуудлаарх уулзалт тус тус болох юм.

Хэлэлцээнд Монголын талаас АҮЭБ-ийн сайд  Г.Дамдинням менежментийн асуудлыг, Сангийн сайд З.Мэндсайхан зээлийн хүүгийн асуудлыг ахалж оролцно. 

Харин Rio Tinto-гийн талаас Бизнес хөгжил хариуцсан захирал Timothy Wilcox ахалсан баг оролцож байгаа юм.

Монголын тал өмнөх саруудад хэлэлцээний үеэр дараах таван шаардлагыг тавьжээ. Үүнд:

-Монголын хүртэх үр өгөөжийг 60 хувьд хүргэх

-Зээлийн хүүг бууруулах

-Менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах

-Ногдол ашгийг энэ жилээс олгож эхлэх

-Entrée Resources компанитай Монголд ашигтай нөхцөлөөр шинэ хэлцэл байгуулах

Засгийн газрын үзэж буйгаар эдгээр өөрчлөлт хэрэгжвэл Oюутолгой төслийн Монгол Улсад өгөх эдийн засгийн өгөөж нэмэгдэж, өрийн дарамт буурч, ирээдүйн орлого өсөх боломж бүрдэх юм. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Rio Tinto хэлэлцээ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна