Сүүлийн хэдэн өдөр Монголчууд дэлхийн тавцан дээр эх орныхоо нэрийг дуудуулж байна.Урлаг, спортын талбар дээр Монгол гэдэг нэр сүүлийн үед бараг долоо хоног бүр дуулдаж байна. Улстөр, эдийн засгийн хямрал биднийг бухимдуулах ч, урлаг спортын баатрууд маань Монгол гэдэг нэрийг тайзан дээр, рингэн дээр, дэлгэцэн дээр дахин дахин мандуулж, сэтгэлд гал асаав.

“Physical Asia” Монголын баг Азийн тайзнаа мөнгөн медаль зүүв
Азийн олон орны шилдгүүд өрсөлдсөн супер шоу “Physical Asia”-д Монголын баг яг л нэг баг биш, харин Монголын хүч, Монголын зүтгэл болж орж хоёрдугаар байрт шалгарлаа.Дэлгэцийн цаанаас харахад тэдний хөдөлгөөн бүр “Бид чадна” гэсэн дайчин баатруудын үр сад лугаа. Шоунаас илүү сэтгэл хөдөлгөсөн нь багийн эв нэгдэл, сахилга, ур чадвар бүр нь төгс мэдрэгдсэн явдал байлаа.

Э.Цэндбаатар Рингэн дээрх жинхэнэ зүрх
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн хүчтэй боксчин Абрахам Эдуардо Монтойя Торрестэй тулж, цэвэр ялалтаар эх орныхоо далбааг дахин өндөрт өргөв. Э.Цэндбаатарын тулаан бол зүгээр нэг спортын тоглолт биш, Монгол хүний тэсвэр, зүрх, итгэл.
Дэлхийд гарч, дэлхийн ринг дээр монгол хүү ингэж эзэн шиг байж чадна гэдгийг харуулсан мөч байв.

Ч.Мишээл “Silk Way Star”-ын тайзнаа Монголын хоолой Гран Притэй сонсогдов
Өнгөрсөн шөнө Казахстаны Астана хотод болсон “Silk Way Star” тэмцээнд Ч.Мишээл Гран При шагнал хүртэж, 12 орны шилдгүүдийг ардаа орхилоо.
Энэ бол зүгээр нэг өндөр үнэлгээ биш, 50% шүүгч + 50% үзэгчдийн оноо байв.
Монголын дуу хоолой олон улсын тайзан дээр ингэж хүчтэй дуугарч, үзэгчдийн зүрхийг эзэмдэнэ гэдэг амар зүйл биш. Гэхдээ Ч.Мишээл “Монголын дахин нэг од мэндэллээ” гэж хэлүүлэх хэмжээнд дуулж чадсан.
Энэ бүхэн ганц нэг амжилт биш, Монголчуудын гал унтраагүйг нотлох дохио.
Хэцүү үед ч бидэнд урагш харуулж, итгэл өгдөг зүйлс байдаг. Үүнийг төр засаг биш, харин зүрх сэтгэлээрээ хөдөлмөрлөж яваа залуус маань л авчирч байна.
Ийм хүмүүс байгаа цагт Монголын нэр хэзээ ч бүдгэрэхгүй, Монгол хүний боломж хэзээд гэрэлтэй, бидний итгэл хэзээд сэрж байдаг.
Амжилт гаргаж буй бүх залуусдаа хэлэхэд, та нар бидний бахархал.





