ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Эдийн засаг

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанканд ажиллалаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанканд ажиллалаа

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.19/ УИХ-ын зарим гишүүд болон албаны төлөөллийн хамтаар Монголбанканд ажиллаж, эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлогын чиглэлийн талаар уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Б.Уянга, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат нар оролцов.

Уулзалтын эхэнд Монголбанкнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, учирч болзошгүй эрсдэлийн талаар танилцуулга хийлээ. Инфляцад нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, тухайлбал мах, хүнсний ногоо, түлшний үнийн өсөлт голлон нөлөөлж байгааг онцлоод, Ойрх Дорнод дахь геополитикийн тодорхойгүй байдал нь шатахуун, тээврийн зардалд дарамт үүсгэж, дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа талаар танилцуулав.

Улмаар, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого, түүний үр дүн, Монголбанкны стратеги, үйл ажиллагааны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, Банкны тухай болон Төв банкны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буйгаа мэдээлэв.

Мөн Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгаж, нөхцөлийг сайжруулан хүүг бууруулсан нь гадаад харилцаа, санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд чухал үр дүн болсныг уулзалтад оролцогчид тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн жилүүдэд ахихад Төв банкны оролцоо өндөр байсныг УИХ-ын гишүүн Б.Жавхлан онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал иргэдийн хүлээлтийн төвд байгааг тэмдэглэв. Мөн хэрэглээний зээлийн хязгаарлалтын үр нөлөө, банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээлийн өсөлт, ипотекийн зээлийн хүлээлт зэрэг асуудалд анхаарч, дэд бүтэц шийдэгдсэн амины орон сууцыг ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах боломжийг судалж, холбогдох асуудлуудад ойрын хугацаанд шийдэл боловсруулах чиглэл өглөө.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Mongolbank

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна