Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.06.03) хамтран хуралдаж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд хүрэлцэн ирэх ёстой 56 гишүүний 29 нь хүрэлцэн ирснээр 51.8 хувийн ирцтэйгээр 15 цаг 10 минутад эхлэв. Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар хуралдааныг удирдав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Н.Наранбаатар дарга гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдээс О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Б.Жаргалан, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Б.Заяабал, Н.Наранбаатар, Ч.Анар, Э.Болормаа, С.Лүндэг, Г.Очирбат, Г.Тэмүүлэн, Л.Энхнасан, Ж.Батжаргал, П.Ганзориг, Л.Мөнхбаясгалан, Ч.Номин, М.Бадамсүрэн, Л.Гантөмөр, Ц.Мөнхбат, Б.Тулга, Дам.Цогтбаатар, Д.Энхтүвшин, Ж.Батсуурь, Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл нар хамтарсан хуралдаанд хүрэлцэн иржээ.
Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан төслийн талаар танилцуулав.
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений 2025 оны 5 дугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр 60.0 сая еврогийн эх үүсвэртэй “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах “Эрмэлзлийн захидал”-ыг хоёр улсын Сангийн яам хооронд байгуулсан байна.
Хэлэлцээрийн хүрээнд Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох журмын дагуу яамдаас санал авч Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засаг, нийгмийн үр өгөөж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан байдлаар эрэмбэлжээ.
Үүний дагуу төслүүдийн жагсаалтыг Австрийн талд хүргүүлэн, “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дүнг 65 сая евро байхаар тохиролцсон бөгөөд тус эх үүсвэрээр Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг 7 байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлэхээр төслүүдийн нэр, дүнг хэлэлцээрийн хавсралтад тусгасан байна.
Хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн эх үүсвэр нь 1 хувийн хүүтэй, 0.9 хувийн баталгааны шимтгэлтэй, 19 жилийн хугацаатай, эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бөгөөд тус хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах гэрээ хэмээн З.Мэндсайхан танилцуулав.
Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа. Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, 72.7 хувийн саналаар зөвшилцөхийг дэмжсэн байна.
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Д.Энхтүвшин, Д.Ганбат, Н.Наранбаатар нар асуулт асууж, хариулт авав. Төслийг дэмжиж байгаа хэдий ч энэ хэлэлцээрийн хүрээнд хэлэлцэх долоон төслийн зургаа нь эрүүл мэндийн салбарынх байгааг П.Наранбаяр гишүүн лавлаж, бүх яамнаас авсан саналаа хэрхэн эрэмбэлж, эдгээрийг сонгосон болохыг тодруулсан. Мэргэжлийн боловсролын салбарт дэмжлэг нэн чухал байгааг гишүүн дурдаад, холбогдох саналаа ч энэ хүрээнд Сангийн яаманд хүргүүлсэн талаараа хэлж байв. Энэ удаагийн “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төсөлд хамрагдах саналуудын эрэмбийг тогтоохдоо Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчдаас санал авч, түүнийгээ нэгтгэн Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсний дагуу ийн эрэмбэлсэн гэдэг хариултыг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга өглөө. Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас хамгийн ихдээ 60 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэж байсан ч гурван удаа хэлэлцээр хийсний үр дүнд 5 сая еврогоор нэмэгдүүлж, 65 сая евро болгосон байна.
Зээлийн нөхцөлийн талаар тодруулсан Д.Энхтүвшин гишүүний асуултад Сангийн яамны холбогдох албан тушаалтан хариулт өгсөн бол хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах төслийн талаарх асуултад ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатар дараах хариултыг өглөө. Дэлхий нийтээр 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 47 хувийг нярайн эндэгдэл эзэлдэг байна. Монгол Улсын хувьд нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь дутуу төрөлт удаад нь төрөлхийн хөгжлийн гажиг, төрөх үеийн хүндрэл, амьсгалын замын цочмог халдвар байдгийг дурдав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ЭХЭМҮТ-өөс нярайн тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, ургийн монитор, инкубатор, дүрс оношилгооны тоног төхөөрөмж захиалсан байгаа аж. Эдгээр нь төрөлхийн хөгжлийн гажиг болон дутуу төрөлтөөс шалтгаалсан нярайн эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг тайлбарласан. Д.Ганбат гишүүн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх дэгтэй холбоотой асуудлаар тодруулга хийж хуралдаан даргалагч Н.Наранбаатараас, Монгол Улсын гадаад зээлийн нөхцөлтэй холбоотой асуудлаар Сангийн сайдаас хариулт, мэдээлэл авсан. Н.Наранбаатар гишүүн, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас авч байсан өмнөх зээлийн хүрээнд авсан тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар тодруулж, ажлын хэсгээс мэдээлэл авсан. Зээлийн хүрээнд авсан эмнэлгийн тоног, төхөөрөмжийн ашиглалт харилцан адилгүй байдаг бөгөөд өндөр хүчин чадалтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулаад өгөхөөр түүнийг ажиллуулах мэргэжилтэн, хүний нөөцийн асуудал тулгамддаг болохыг хэлж байв.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, М.Бадамсүрэн, Л.Мөнхбаясгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явууллаа. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн.
Иймд уг асуудлыг хэлэлцсэн талаарх Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.




