УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.06.30) 64.3 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Байнгын хорооны дарга сонгох асуудлыг шийдвэрлэв. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатарыг нэр дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. (нэр дэвшигчийн мэдээллийг эндээс)
Нэр дэвшүүлж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, О.Алтангэрэл, П.Сайнзориг, С.Одонтуяа нар асууж, үг хэлэв. Тэд хаврын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо үр бүтээлтэй ажиллалаа хэмээн дүгнэж, анхны 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагааг жигдрүүлэхэд тус Байнгын хорооны даргаар ажилласан Д.Цогтбаатар шуурхай, мэдрэмжтэй байсан гэж баяр хүргэхийн зэрэгцээ нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн юм.
Парламентын нээлттэй, ил тод байдал, хяналт шалгалт, мэтгэлцээн, хэлэлцүүлгийг шинэ шатанд гаргаж, ахиулахад, хүний эрх, өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг сайжруулсан зэрэг олон өөрчлөлтөд хамтдаа зүтгэсэн Байнгын хорооны гишүүдэд хуралдаан даргалагч Д.Цогтбаатар талархал илэрхийллээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76,2 хувь нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Гишүүд баталсан хууль, тогтоолыг сурталчлах ажилд анхаарч ажиллахыг захиж байлаа.
Байнгын хороо Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг хойшлуулснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




