ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Төлөөлөгчийн газарт орлого шилжүүлсэн бол 20 хувиар татвар суутгана

Төлөөлөгчийн газарт орлого шилжүүлсэн бол 20 хувиар татвар суутгана

Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаатай ярилцлаа.

Татвар төлөгчийн ангилал, төлөөний газар, төлөөлөгчийн газрын татварын харилцааны талаар энгийнээр тайлбарлавал. 

Татвар төлөгчийн ангилал гэдэг нь тухайн этгээд ямар төрлийн татварын харилцаанд оролцохыг тодорхойлдог маш чухал ойлголт юм. Ялангуяа хуулийн этгээдийн хувьд аль ангилалд хамаарахаас шалтгаалаад хэдэн хувийн татвар төлөх вэ, ямар зардлыг хасаж тооцох вэ, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой юу, олон улсын гэрээ хэрэглэх үү зэрэг асуудлууд шийдэгддэг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд хуулийн этгээдийг ерөнхийдөө Монгол Улсад байрладаг болон Монгол Улсад байрладаггүй татвар төлөгч гэж ангилдаг.

Тиймээс аливаа аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн түрүүнд өөрийн татварын ангиллаа зөв тодорхойлох нь чухал.

Монгол Улсад байрладаг болон байрладаггүй татвар төлөгчийн ялгаа нь юунд байдаг вэ?

 Монгол Улсад байрладаг татвар төлөгч гэдэг нь дотоодын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдүүдийг хэлнэ. Мөн зарим тохиолдолд тухайн байгууллага Монгол Улсад байгуулагдаагүй боловч үйл ажиллагааны удирдлага нь Монгол Улсаас хэрэгжиж байгаа бол байрладаг татвар төлөгч гэж үзэх нөхцөл бий. Ийм татвар төлөгчийн хувьд Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, үйл ажиллагаатай холбоотой зардлаа хасаж тооцох зэрэг боломжууд байдаг.

Харин Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчийн хувьд буюу гадаадын хуулийн этгээдийн хувьд татварын зохицуулалт өөр байна. Монгол Улсад олсон орлогод нь ерөнхийдөө 20 хувийн татвар ногдуулах зохицуулалт үйлчилдэг.

Гадаадын аж ахуйн нэгжийн орлогод татвар ногдуулахдаа ямар зүйл анхаарах шаардлагатай вэ?

Гадаадын аж ахуйн нэгжид орлого олгож байгаа Монгол Улсын татвар төлөгч тухайн орлогод татвар суутган төлөх үүрэгтэй байдаг. Гэхдээ тухайн татварын хувь хэмжээг бууруулах боломж байгаа эсэхийг заавал шалгах шаардлагатай. Учир нь Монгол Улс бусад улс орнуудтай орлого, хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай олон улсын гэрээ байгуулсан байдаг. Тиймээс тухайн гадаадын хуулийн этгээдийн харьяалал, олон улсын гэрээ хэрэглэх боломж зэргийг зөв тодорхойлох нь маш чухал.

 

Гадаадын компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа төлөөний газар, төлөөлөгчийн газар гэсэн хоёр хэлбэрийг ашигладаг. Эдгээрийн ялгааг тайлбарлавал?

Энэ хоёр ойлголтыг иргэд, аж ахуйн нэгжүүд ихэвчлэн андуурах тохиолдол байдаг. Нэр нь төстэй боловч эрх зүйн болон татварын хувьд ялгаатай. 

Төлөөлөгчийн газар гэдэг нь гадаадын хуулийн этгээдийг Монгол Улсад төлөөлөх зорилготой байгууллага. Энэ нь ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл тухайн гадаадын компанийн талаар мэдээлэл өгөх, судалгаа шинжилгээ хийх, тодорхой гэрээ, хэлцэлтэй холбоотой төлөөллийн шинжтэй үйл ажиллагаа явуулах зэрэг хуульд зөвшөөрөгдсөн хүрээнд ажиллана.

Харин Төлөөний газар нь гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах татварын харилцаатай холбоотой бүтэц бөгөөд тусдаа бүртгэлтэй, тодорхой нөхцөлд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байдаг.

 

Тэгэхээр төлөөлөгчийн газар Монгол Улсад бизнес эрхлэх боломжгүй гэсэн үг үү?

Тийм. Төлөөлөгчийн газрын үндсэн онцлог нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахгүй байх юм. Хэрэв Төлөөлөгчийн газар худалдаа хийх, үйлчилгээ үзүүлэх, орлого олох зорилготой бизнесийн үйл ажиллагаа явуулбал өөрийн эрх зүйн статустайгаа зөрчилдөнө.. Ийм тохиолдолд татварын эрсдэл үүсэх боломжтой. Тиймээс гадаадын компаниуд Монгол Улсад ямар зорилгоор үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа зөв тодорхойлж, түүнд тохирсон хэлбэрээр бүртгүүлэх нь чухал.

Ийм төрлийн буруу бүртгэл, ойлголтын зөрүү гарч байсан уу?

Гарч байсан. Төлөөний газар, Төлөөлөгчийн газрын ялгааг зөв ойлгоогүйгээс бүртгэлээ буруу хийх, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа эрхлэх тохиолдол бий. Тиймээс татварын байгууллагаас энэ чиглэлээр мэдээлэл хүргэж, бүртгэл нь буруу үүссэн тохиолдолд залруулах, зөв ойлголт өгөх ажлууд хийж байна.

 

Бүртгэлийн үйл явц хэрхэн явагддаг вэ?

Татварын алба өнөөдөр бүрэн цахимжсан. татвар төлөгч өөрөө шаардлагатай мэдээллээ бүрдүүлж, бүртгэлээ үүсгэдэг бөгөөд мэдээлэл нь татварын мэдээллийн санд холбогддог. Гэхдээ хамгийн эхний бүртгэл маш чухал. Учир нь тухайн этгээд төлөөлөгчийн газар уу, төлөөний газар уу гэдгээ зөв тодорхойлсноор дараагийн татварын үүрэг, тайлагнал зөв тогтоогдоно.

 

Төлөөлөгчийн газрын татварын тайлагнал ямар байдаг вэ?

Төлөөлөгчийн газар нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй учраас ААНОАТ-ын тайлан гаргах, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгэгдэх, и-баримт олгох зэрэг бизнесийн үйл ажиллагаатай холбоотой үүрэг хүлээхгүй.

Харин төлөөний газар нь Монгол Улсын татвар төлөгчийн нэг хэлбэр учраас дотоодын аж ахуйн нэгжтэй адил татварын тайлан гаргаж, татвар төлөх үүрэгтэй.

Мөн гадаадын толгой компанид ашиг шилжүүлэх үед холбогдох татварын зохицуулалт үйлчилнэ.

Орлого олгож байгаа дотоодын байгууллагууд энэ асуудал дээр юуг анхаарах вэ?

Ялангуяа банк, санхүүгийн байгууллага болон гадаадын байгууллагатай тогтмол харилцдаг аж ахуйн нэгжүүд анхаарах шаардлагатай. Жишээлбэл, Төлөөлөгчийн газарт хүүгийн орлого олгох тохиолдолд тухайн этгээдийг Монгол Улсын дотоодын татвар төлөгч гэж үзэхгүй, гадаадын хуулийн этгээдийн нэг хэлбэр гэдгийг харгалзан татварын зохицуулалтыг хэрэглэх хэрэгтэй.

Хэрэв татварын ангиллыг буруу ойлгож, буруу хувь хэмжээгээр татвар суутгавал орлого олгогч талд эрсдэл үүсэж болно.

Монгол Улсад ийм төрлийн хэдэн байгууллага бүртгэлтэй байдаг вэ?

Татварын байгууллагын мэдээллээр Монгол Улсад төлөөний болон төлөөлөгчийн газар нийлсэн 830 гаруй бүртгэл байдаг. Үүнээс 100 орчим нь төлөөний газар, 730 нь төлөөлөгчийн газар байна. Энэ нь гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа эдгээр хэлбэрийг өргөн ашиглаж байгааг харуулж байгаа учраас зөв ойлголт маш чухал юм

 

Эцэст нь аж ахуйн нэгжүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд өөрийн татвар төлөгчийн ангиллыг зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн төлөөний газар, төлөөлөгчийн газрын ялгааг ойлгож, үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн зөв хэлбэрээр бүртгүүлэх нь чухал. Татварын хууль тогтоомж нь зөвхөн татвар төлөх үүргийг бус татвар төлөгчийн эдлэх эрх, боломжийг мөн тодорхойлдог. Тиймээс татвар төлөгчид мэдээллээ тогтмол авч, хуульд заасан эрхээ зөв ашиглаж, үүргээ хугацаанд нь биелүүлэх хэрэгтэй.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ТЕГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна