Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Би Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон. Иргэдтэй уулзалт хийгээд явахад ээжүүд, эмээ нар электрон тамхийг хориглоод өгөөч гээд хүсч байна. Гаалийн байгууллага нь хэр ажиллах юм бол доо. Хэдэн их наядаар нь нүүрсээ алдчихдаг гаальтай улс шүү дээ. Нүүрсээ алдаж болно гэсэн шиг хайхрамгүй хандаж болохгүй. Энэ бол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү. Монголбанк журам гаргаад тамхины чиглэлд зээл гаргахгүй гэж тусгамаар байна. 2020 онд 47 мянган ширхэг орж ирдэг байсан электрон тамхи өнөөдөр 8.2 сая ширхэг болж нэмэгдсэн. Хүүхдүүд гэртээ шүднийхээ сойзыг сольдоггүй атлаа гудамжид гараад вэп тамхиа сольж татаж байна. Амны хөндийн эрүүл мэндийн асуудал гэж ярилтгүй, өвчин зовлонгоо хуваалцаж байна гэсэн үг" гэлээ.






