Өмнөд Солонгос нэгдүгээр сараас эхлэн жижиг, дунд үйлдвэрүүдэд 4.5 өдрийн ажлын долоо хоногт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх бөгөөд нэг ажилтанд 200,000–800,000 воны (136–543 ам.доллар) татаас олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнуудын дундах хамгийн урт ажлын цагтай улс болохын хувьд ажлын цагийг бууруулах Засгийн газрын бодлогыг эрчимжүүлж буй арга хэмжээ юм.
Хөдөлмөр, халамжийн яам лхагва гарагт мэдээлэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 27.6 тэрбум воны төсөв батлагдсан бөгөөд компанид зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд зориулан нэмж 1.7 тэрбум воныг зориулахаар болсон гэж мэдэгдэв.
Шинэ тогтолцооны дагуу:
- 50-аас доош ажилтантай компани нэг ажилтанд улирал бүр 600,000 вон,
- Шинээр ажилд авч буй ажилтан бүрд 800,000 вон авах боломжтой.
- 50–300 ажилтантай компаниуд 100 ажилтны хүртэл татаас авах эрхтэй.
“Хөтөлбөрийн үнэн зөв хэрэглээг хангахын тулд хөдөлмөрийн даатгалын шалгагчид шалгалт явуулна” гэж яамны албан хэлтсийн дарга хэллээ.
Тэрбээр энэ хөтөлбөр нь ажилтныхаа цалинг бууруулахгүйгээр ажлын цагийг багасгах үед компаниудын зардлын дарамтыг хөнгөрүүлэх зорилготой гэв.
Энэхүү санаачилга нь тус улсын Ерөнхийлөгчийн хөдөлмөрийн бодлогын гол чиглэл бөгөөд 2030 он гэхэд Солонгосын ажиллах жилийн цагийг OECD-ийн дунджаас доош түвшинд хүргэх, цаашлаад дөрвөн өдрийн ажлын долоо хоног руу үе шаттайгаар шилжих зорилготой. Солонгосчууд 2024 онд дунджаар 1,859 цаг ажилласан нь OECD-ийн дунджаас 142 цагаар илүү байна.
Blind ажлын байрны аппын 13,000 ажилтны дунд зарласан судалгаагаар ажилчдын 78 хувь нь 4.5 өдрийн ажлын долоо хоногийг дэмжиж байгаа аж. Харин олон компани энэ өөрчлөлтийг эртэдсэн хэрэг гэж үзэж байгаа бөгөөд 52 цагийн ажлын долоо хоногийн дээд хязгаар ч бүрэн мөрдөгдөөгүй хэвээр байна.
БНСУ-ын Ажил олгогчдын холбоо анхааруулахдаа Солонгосын нэг цагийн хөдөлмөрийн бүтээмж 45 ам.доллар буюу OECD-ийн дунджаас 20 хувиар бага үед ажлын цагийг богиносгосноор бүтээмж нэмэгдэхгүй бол өрсөлдөх чадвар сулрах эрсдэлтэй гэжээ. Тиймээс ажлын цагийг цаашид багасгахаас өмнө илүү уян хатан ажлын зохион байгуулалт, үр ашиг нэмэгдүүлэх алхам шаардагдана гэж онцлов.
Белги улс аль хэдийн дөрвөн өдрийн ажлын долоо хоногийг сонголтоор хэрэгжүүлж эхэлсэн бол АНУ, Япон, Тайвань ажлын цагийг бууруулах асуудалд анхаарч буй.






