Парламент дахь гол намууд болох МАН, АН-ын дотоод зөрчил намжаагүй байхад цөөн суудалтай ИЗНН хүртэл удирдлагын маргаан үүссэн. Дөрвөн суудалтай тус нам дотроо хуваагдаж, намын даргын албан тушаалын төлөөх тэмцэл ил тод хэлбэрт шилжээд байна.
Тодруулбал, намын дарга Б.Батбаатарыг огцруулах асуудлаар намын онц их хурал зохион байгуулагдаж, шинэ удирдлага буюу өөрийгөө бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн Р.Батболд энэ сарын 9-нд Монгол Улсын Дээд шүүхэд хандсан байна. Тэрбээр тус хурлаас гарсан тогтоолууд, намын дүрмийн өөрчлөлт, удирдлагын асуудлыг шийдвэрлэсэн баримт бичгүүдийг бүрдүүлэн өгчээ.
Гэвч талуудын зөрчил үүгээр зогсохгүй улам даамжирч, УИХ-ын гишүүн Б.Батбаатар улс төрийн дараагийн алхмаа хийсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Р.Батболдыг харьяалагддаг бүх байнгын хорооноос хасуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлжээ.
Харин УИХ-ын дарга уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг чуулганы индрээс мэдэгдэв. Түүний тайлбарласнаар, парламентын гишүүний байнгын хорооны бүрэлдэхүүн нь хууль, журамд захирагддаг тул нэг намын дотоод маргаанаас үүдэн өөрчлөх боломжгүй аж.
Энэхүү шийдвэрт Б.Батбаатар шүүмжлэлтэй хандаж, "УИХ-ын даргыг анхнаасаа хэлж ярьсан зарчмаасаа ухарч, асуудлыг олонхын хүчээр эсвэл алхаараа шийдэж байна" хэмээн шүүмжлэв.
Мөн дөнгөж сая УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Р.Батболд нар маргалджээ.
Тус намын удирдлагын асуудал Дээд шүүхийн шийдвэрээр эцэслэгдэх хүртэл маргаан үргэлжлэх төлөвтэй байна.






