Иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авсан бөгөөд иргэдийн 52 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ.
Энэ дагуу маргаашаас эхлэн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаар өнөөдөр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлсэн.
Тэгвэл дээрх шийдвэртэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад, дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв" гэлээ.
Өөрөөр хэлбэл, тэгш, сондгойгоор зорчих мэдээллийг өнөөдөр 19:00 цагт ТЦА, ЗХУТ-өөс өгсөн боловч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цуцалжээ.






