Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага түүний хяналтын тогтолцоо, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийг хянан шалгах Түр хороог 70 гишүүн дэмжиж санаачлан, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барихаар болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Болормаа "Ахмадууд харилцан адилгүй тэтгэвэр авч, Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн ил тод бус байдлыг өнгөрсөн хугацаанд шүүмжилсээр ирсэн.
Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж байгаа. Энэ нь зөвхөн тоон дүн гэхээс илүүтэй ахмадууд маань залуу насандаа ажиллаж хөдөлмөрлөж, тухайн үед нийгмийн шилжилтийн өмнөх үед зохих ёсоор НДШ-ээ төлсөн атал өнөөдөр систем нь шударга бус байгааг хөндөж байгаа. Энэ бол суурь тогтолцооны асуудал. "Тэтгэврийн сан нь өөрөө тэтгэвэрт гарчихсан" гэсэн яриа хүртэл бий. Энэ бүхнийг Түр хороо судалж, дүгнэх болно" гэлээ.






