Японы засгийн газар 2026 оны санхүүгийн жилд гадаад бодлогын төсвийг 130 тэрбум иенээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа зарлалаа. Энэ нь гадаадын иргэдэд тавих хяналтаа чангатгах, хууль бус үйл ажиллагаатай холбоотой олон нийтийн болгоомжлолд хариу өгөх, нийгмийн тогтолцоонд шударга байдлыг хангах зорилготой гэж Ерөнхий сайд нь мэдэгджээ.
Гол арга хэмжээний нэг нь “JESTA” нэртэй цахим аяллын зөвшөөрлийн системийг хөгжүүлэх явдал бөгөөд зорчигчдыг урьдчилан шалгаж, хууль бусаар оршин суухаас сэргийлэх зорилготой. Уг системийг 2028 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Мөн оршин суух үнэмлэхийг “My Number” системтэй уялдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хянах бөгөөд шимтгэлээ төлөөгүй тохиолдолд визийг сунгахгүй байх боломжтой аж.
Эдгээр шинэчлэлийг санхүүжүүлэхийн тулд виз, оршин суух статуст өөрчлөлт оруулах хураамж болон олон улсын зорчигчдоос авдаг гарах татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Зарим сөрөг хүчний намууд уг бодлогыг гадуурхсан, ялгаварласан шинжтэй хэмээн шүүмжилж байгаа ч засгийн газар албадан гаргалт, дүрвэгчийн шалгалтыг илүү шуурхай болгох цогц стратегийг ирэх нэгдүгээр сард эцэслэн батлахаар ажиллаж байна.






