АНУ-ын цэргийнхэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан тухай мэдээлэл гарсны дараа зарим Венесуэл иргэд болон гадаадад амьдарч буй дүрвэгчид баяр хөөрөө илэрхийлж, олон нийтийн газруудад цуглан баяр тэмдэглэж эхэлжээ.
Ялангуяа АНУ-ын Флорида муж, Майами хот болон Латин Америкийн зарим оронд амьдарч буй Венесуэлчүүд гудамжид гарч, төрийн далбаа намируулан, “эрх чөлөө”, “ардчилал” гэсэн уриа лоозон барьж, Мадурогийн баривчлалыг улс оронд нь өөрчлөлт авчирна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Гэвч энэ үйл явдалд бүх иргэд ижил байр суурьтай байгаагүй. Венесуэлийн дотор болон зарим улс оронд АНУ-ын цэргийн оролцоог эсэргүүцсэн, тусгаар тогтнол зөрчигдсөн гэж үзсэн иргэд мөн эсэргүүцлийн байр суурь илэрхийлж эхэлжээ. Зарим нь энэхүү баривчилгаа нь бүс нутгийн тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүй гэж болгоомжилж байна.
Олон улсын түвшинд ч уг асуудал хурцдаж, НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлөөр АНУ-ын Венесуэлд хийсэн энэхүү ажиллагааг хэлэлцэхээр товлоод байна. НҮБ болон хэд хэдэн улс АНУ-ын алхмыг олон улсын хуулийн хүрээнд нягтлах шаардлагатай гэж мэдэгдээд байгаа юм.
Ийнхүү Мадурог баривчилсан тухай мэдээлэл нь Венесуэлийн нийгэм төдийгүй олон улсын тавцанд талцсан, маргаантай уур амьсгал үүсгээд байна.






