ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томиллоо

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томиллоо

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НЯМ-ОСОРЫН УЧРАЛ: Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албан үүрэгт ажилд тохоон томилсон Та бүхэнд талархал илэрхийлье. 

Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, журмын нөхдөдөө, Намын шийдвэрийг дэмжиж, намайг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд талархал илэрхийлье.

Төсвийн хэмнэлт хийж, экспорт, гадаад валютын нөөцийг нэмж, эдийн засгийг тогтворжуулж ажилласан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон түүний Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Би Монгол Улсын Ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байна. 

Гадаад, дотоод хоёр талаасаа олон улс, эдийн засаг, улс төрийн эрсдэл хямрал давхар нүүрлэсэн энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай ажил үүргийг хүлээн авч байна. Засгийн газар давхар дарамт, гурван том эрсдэл бүхий шуурга сөрөн ажилдаа орж байна. 

1-рт, Түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолын аюул

Ойрхи Дорнодод дэгдсэн дайны улмаас эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, гадаад худалдааны гацаа саад дэлхийн эдийн засгийн судсыг царцаан агшаалаа. Дэлхийн  олон улс орнууд онц байдал зарлаад байна. Түлш шатахууны импортоос зуун хувь хамааралтай манай оронд үнийн өсөлт, нөөц хангамж онцгой өндөр эрсдэлтэй. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. Түлшний үнэ бол талх, гурил, мах, сүүний үнэ, бүх үйлдвэрлэлийн орц. Цалин орлогыг хумслагч инцфляцыг улам бүр өдөөж, төгрөгийн ханшийг султгаж, доллар валют гадагшаа илүү их урсах үүд хаалгыг нээдэг. Тээвэр, үйл ажиллагааны зардал багадаа 20 хувь өсөж, компани, иргэдийн ашгийг идэж байна. Үүн дээр нэрмээс болж, үнэ тарифын зохисгүй бодлого, өр авлагын сүлжээнд торлогдсон эрчим хүчний салбар ирэх өвөл ахин гал алдах аюул хэвээрээ байна. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ цаг үед гол орцууд болсон түлш, тэсэлгээний материал, бордоо зэрэг голлох түүхий эдийн нийлүүлэлт тасрах, гүнэ өсөх хүндрэл тулж ирээд байна. 

2-рт, Түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдлын аюул

Цөөн түүхий эд, үндсэндээ нүүрс, зэсийн үнээс хамааралтай эдийн засаг эмзэг, хэврэг байна. Үнийн өсөлт, түүхий эдийн ханшийн болзошгүй савалгаа үргэлжилсээр байвал эдийн засгийн өсөлт унана. Хөрөнгө оруулалт буурна, худалдаа, татвар, төсвийн орлого унана, цалин, тэтгэвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх зэрэг урсгал зардалд мөнгө дутна. Улс орон, айл өрх, ард иргэдийн ахуй амьдрал бүхлээрээ үнийн савлагаанд орох эрсдэл нүүрлэж байна. Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төр, төсвөө данхайлгасны үр дагавар өнөөдөр илүү хүчтэй, илүү гашуун, илүү хатуу мэдрэгдэж байна. Эрчим хүч, гэрэл цахилгаандаа зоригтой, дорвитой зориулсан бол ирэх өвлийг сэтгэл өег угтах өргөн боломжтой байсан атал олсныхоо хэрээр үрсний хор уршиг нь хатуу эрсдэл дагуулж байна. 

3-рт, Дотоодын гацаа, улс төрийн талцал бутралын аюул 

Төрийн тогтвортой, тасралтгүй хэвийн ажиллагааг алдагдуулсан гацаа саад болтлоо даамжирсан улс төрийн хэрүүл талцал гадаад орчноос үүдэлтэй хямрал дээр хямрал нэмж байна. Эрх ашгийн эрэмбэ дараа алдагдаж, хүндрэл дээр хүндрэл, асуудал дээр асуудал нэмж байна. Эдийн засаг улс төрийг тэтгэдэг ч улс төр нь эдийн засгаа хорлож байна. Бусад улс хямралын эсрэг багц төлөвлөгөө боловсруулж, онц байдал зарлан нэгдэн нягтарч, үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлж байхад бид улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан, ухаан сөхөөгүй улстөржих эрх байхгүй. Бид бие биеэ ялах гэж мөчөөрхөх тусам биднийг бүгдийг нь хамтад нь эдийн засгийн бодит хямрал ялна. Монголыг Монголоор нь гэдэг шиг өвөр зуураа хямралдан зөрчилдсөөр байх аваас дэлхийн хямралын давалгаанд бүгдээрээ илүү их хохирно. Улс төрчид та бидэнд төр улсын төлөө зүтгэх тангаргаа сахиж, өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалж байна. 

Улс орныг нөмрөн авч буй ийм бодит гадаад хүйтрэл, дотоод хямралаас үүдэн тулгарсан гурван том аюул заналын өөдөөс бид юу хийх вэ?

Шинэ Засгийн газар ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй. Үнэнийг үнэнээр нь хэлнэ. Өнөөдөр бид гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх үүрэгтэй. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, хожим хойно хийгээгүй үйлдлийнхээ төлөө харамсахгүйн төлөө ачаагаа үүрэх ёстой. 

Газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг Монгол тогтоохгүй боловч онцгой нөхцөлд өөрсдийн бололцооны хэрээр тохируулгын арга хэмжээ авна. Түлш шатахууны үнийн 5 хувь болдог татварыг цуцаллаа ч 2 дугаар сард баррель нь 67 доллар байснаа өдгөө 2 дахин өсөж, цаашид улам нэмэгдэх төлөвтэй үнийн шуургыг сөрж өөрчилж чадахгүй. Дэлхийн хөгжингүй том гүрнүүд Онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд ороод байхад үнэ тогтоон барих ямар ч боломжгүйг шууд хэлье. Үнийг тогтоон барих зорилгоор захиргааны хэв шинжтэй оролдлого хийх нь тухайн цагтаа хэрэгжээд өнгөрөх хэдий ч үр дагавар нь хатуу ирдэг гэдгийг бид олон салбарт хангалттай харлаа. Түлш шатахуунаас тооцож авдаг татвар хураамжаа багасгах, цуцлах нь үнийн хувьд нөлөө багатай, хязгаарлагдмал  арга хэрэгсэл юм. Олон улсын зах зээл дээр давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр үнэ хэрхэн яаж өсөхийг, маргааш юу болохыг хэн ч таамаглан мэдэх аргагүй. Гагцхүү түлш шатахуун тасалдаж хомсдол нүүрлэхээс урьдчилан сэргийлж хичээн ажиллах шаардлагатай. ОХУ-тай бүх талын байнгын идэвхтэй яриа хэлцэл, холбоо харилцаатай байж, нөөц хангамж тасалдал хомсдохгүй байхын төлөө ажиллах болно. 

Засгийн газар энэ бүх эрсдэлийг сөрж, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачиллга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн  чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлнэ.  

Эрх  чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм. 

Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө иж бүрэн зураглан тодорхойлоход дэг журам нь хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан авч үзлээ. Дэлхийн 2-р дайны дараа тогтсон дэг журам ганхаж, өнөөдөр хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой байдалтай байна. Их гүрнүүдийн зөрчил хямрал гүнзгийрч, улс төр, эдийн засаг, геополитик, геостратегийн өрсөлдөөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, элч энерги, түүхий эдийн нөөц, соёлын ширүүн тэмцэл болон өргөжлөө. Монгол улс цээжинд нь оршдог Ази тивд дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжлээ. Дэлхийн ДНБ-д эзлэх Ази тивийн хувь 26 жилийн дотор 35%-аас 47% болон өсөн нэмэгдлээ. Ази тивийн эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 4.5%-д хүрлээ. 

Нэг талаас даяаршлын хил хязгааргүй боломж, нөгөө талаас үндэстний ондоошил, дэлхийд Монголоороо үлдэх торгон заагаа хамгаалах шинэ сорилттой тулгарч байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал, дахин татагдсан төмөр хөшиг, дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн ар араасаа залгаж, халуун цэгүүд бөмбөрцгийн бөөр бүхэнд асаж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөх ёсгүй үндэстний ондоошлоо хадгалах, сөрөн тэсвэрлэх нь бидний давах ёстой сорилт болоод байна.

Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй. Төр оршихуйн баталгаа нь түмэн олны итгэл, улс төрийн намын амжилтын үндэс нь ард түмний дэмжлэг юм. Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй. 

Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. Евразийн 5 улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, Цагаан алт, Атрын-4 аяны бодлоготой уялдуулан бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Мах сүү, арьс шир, ноос ноолуураа үнэд хүргэн, монгол малчид, үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна. 

Эдийн засаг бол гоё тооноос илүү тоо бодит чанар болж байж хүртээмжийн тухай ярина. Холын гоё тоонууд сонсоход таатай хэдий ч өрхийн үүдээр орлоо, амьдралыг минь өөрчилсөн гэж итгэл төгс хэлэх хүн алга байна. Хувийн хэвшлээ төрийн зуршлаас, хүнээ хүнд суртлаас чөлөөлөх нь шинэ Засгийн газрын шийдэх асуудлын гол зангилаа байна. Итгэл унавал эдийн засаг унадаг. Иргэндээ, хувийн хэвшилдээ, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгч нарынхаа хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд нь итгэх нь засгийн газрын жанжин шугам байх болно.

НЭГ ДЭХ ЗАМ:  ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

1. Банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь, ББСБ-ынх  30-42 хувь байгаа  цагт зээлээс зээл, өрөөс өрийн хоорон дахь өнөөдрийн амьдралыг өөрчилж чадахгүй. Монгол орон мөнгө хүүлэлтийн диваажин байгаа цагт, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр байгаа нөхцөлд, өрийн дарамтаас сугарах, үйлдвэрүүд үүдээ нээх хэцүү. Харин хаалгаа барих амархан. Өөрсдөө наад захын идэх уух, эдлэх хэрэглэхээ үйлдвэрлэж бүтээх, олуулаа хийх ажилтай, авах цалинтай байх өдөр наашлахгүй. Европ, Азийн банкуудыг Монголд урих нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх замын эхлэл байлаа. Монгол бол дэлхийн газрын зураг дээр гадаадын банкгүй гарын таван хуруунд багтах цөөхөн улсын нэг. Зах зээл дэх цөөн тоглогчийн үгсэл тохирол, ашиг сонирхол, хууль, журмаар тавьсан хиймэл зохиомол саадыг арилгаж, чөлөөт өрсөлдөөний үр дүнд хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмж нэмэгдэж, эх үүсвэрийн өртөг буурна. 

Санхүүгийн секторийг хоёр тулгууртай болгож, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлснээр урт хугацааны хямд эх үүсвэр орж  ирэх, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байх эко системийг төрөөс, төсвөөр биш зах зээлийн зарчмаар бий болгоно. Аюул, гамшиг аливаа  эрсдэлийг хандив тусламж, сайхан сэтгэлээр биш даатгалаар шийднэ. Тэтгэврийн тогтолцоо зөвхөн төрийнх байж ирснийг өөрчилж, хувийн тэтгэврийн санг дэмжиж ажиллана.

2. Төсөв болон ТӨК-иудын нийт зардлын эдийн засаг дахь харьцаа 2019 онд 51 хувь байсан бол 2024 онд 61% болж өссөн байна. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон гэх атлаа 100 төгрөгний 60 төгрөгийг дарга нарын гарын үсгээрээ зарцуулж байна. Ийм нөхцөлд хувийн хэвшил өсөж өндийх, хөгжлийн хөдөлгүүр байх ямар ч боломж алга. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшилдээ өсөн дэвших орон зайг нээнэ. Аж ахуйн нэгжүүд жижиг нь томордог, том нь дэлхийд өрсөлддөг өртөө замыг нээн чөлөөлнө. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэж нийлүүлж, татан буулгая гэсэн дуусдаггүй яриаг дуусгана.

3. Бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсооно. Төрийн бүх шатанд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буй шийдвэрүүдийг цуцалж, “No surprise” зарчим буюу төр гэнэтийн бэлэг барьж бизнесийн орчинд садаа тотгор үүсгэхийг хориглоно. 

4. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог татварын тогтолцоог шударга болгох багц өөрчлөлтийн төсөлд татвар хураагчдын бус татвар төлөгчдийн санал бодлыг илүү өргөнөөр тусгаад, 2027 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх болно. 

5. Төсвийн зарлагыг эрэлт хэрэгцээ, үр ашгаар нь эрэмбэлж, хэрэгцээ шаардлагагүй зардлуудыг танаж, хэмнэлтийн горимд шилжинэ. Төрийн давхардсан чиг үүргийг цэгцэлж, нэг ажлыг олон талд давхардан хийдгийг болиулна. УИХ-аас баталсан 208 хуулийн 1024 заалтаар Монгол Улсын төсвийн урсгал зардлыг хуульчилсныг дүгнэн шинжилж, төсвийн урсгал зардлын хэт тэлэлтийг хязгаарлах энэхүү шинэчлэлийг 2027 оны төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх болно. Төлөвлөлт буруу бол бүхлээрээ үндсээрээ буруу. Хөдөө аж ахуй, эрчим хүч, нийтийн тээвэр зэрэг салбарт чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжинэ. Хэзээ ч дуусдаггүй татаасуудыг хэмжиж дүгнээд дуусгана. Төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулна. Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан индексжүүлнэ. 

6. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүх аймгууд бие даан төсөл хэрэгжүүлэх эрх чөлөөг эдэлнэ. Сайд, агентлагийн дарга нарын олгодог илүүц шаардлагагүй зөвшөөрлүүдийг цуцална. АМНАТ-ийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг 10 хувийг 20 хувь болгож 2 дахин нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлнэ. Баялгаа ашиглуулж байгаа аймаг, орон нутаг өгөөжийг нь илүү хүртэж, зарим зардлаа өөрсдөө санхүүжүүлдэг байх чиг үүргийг шилжүүлэн өгнө. Үндэсний баялгийн сангаа өсгөн арвижуулж, стратегийн орд эзэмшигчидтэй  харилцан ашигтайгаар хэлэлцээрийг үргэлжлүүлж, “Баялагтаа эзэн Монгол” санаачилгын хүрээнд байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үедээ тэгш шударга хүртээх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлнэ. ОТ-оос хүртэх Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх Занданшатарын Засгийн газрын бодлогыг хатуу баримтлан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. 

7.  Өмнөх Засгийн газруудын үед эхлүүлсэн, импортыг орлож, экспортыг нэмэх, гэрэл асааж, үнэ цэн, өртөг ашиг  бүтээх, эдийн засгийн тусгаар тогтнолыг гагнаж босгох Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Гангийн үйлдвэр, Зэс хайлуулах цогцолборын төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

8. Аль ч нийгэмд ажиллаж хөдөлмөрлөж бүтээж амьдардаг. Монгол ажил хийгээд амьдрахад хэцүү, ажил хийхгүй ч амьдарч болоод байдаг орон байж болохгүй. Ажилч хөдөлмөрч нь ажиллах дургүйгээ нуруундаа үүрч нугардаг байж болохгүй. Халамж хавтгайрч ихдэхээрээ хайр биш хал болдог. Хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг хөшүүрэгдэж, шинэ ажлын байр нээж, ур чадвар олгох, давтан сургах хөтөлбөрүүдийг хүндээ ойртуулан өргөжүүлнэ. “Хөдөлж байгаа, хөдөлмөрлөж бүтээгч хүн бүрийг дэмжих” зарчим баримтална. МСҮТ-ийг томоохон компани, үйлдвэрүүдийг түшиглэн байгуулж, сургалт нь ажлын байртайгаа шууд уялдаатай шинэ тогтолцоо бүрдүүлнэ. Ажилд авна гэсэн нь ажил хайж байна гэсэн зараасаа олон дахин их байдаг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ялгааг харуулдаг хамгийн хялбар баримт. Үүнийг бууруулж, МСҮТ төгсөгчид шууд ажилд орох, ажил олгогчид хэрэгцээтэй шаардлагдаа нийцсэн ур чадвартай ажиллах хүчээ бүрдүүлэх боломжтой.�Хаана, хэнд халамж хэрэгтэй байна, хаягаа, эзнээ олдог байж, үр ашгаа өгнө. Халамж хамгаалалт хэрэгтэйг нь халамжилж, хэн хөдөлмөр эрхлэх боломжтойг  “халамжаас хөдөлмөрт” шилжүүлнэ.

ХОЁР ДАХЬ ЗАМ: ЭРХ ЗҮЙ, ДҮРЭМ ЖУРМЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

Хүслийг хяссан хүнд суртлаас хөдөлмөрч бүтээлч хүн ардаа, баялаг бүтээгч хувийн хэвшлээ төрийн зуршлаас чөлөөлөхийн тулд жим биш зам нээнэ. Зөвшөөрөл нэртэй хориглолтын системийг нурааж эдийн засгийн эрх чөлөөний замыг элдэв саадаас чөлөөлнө. Найман нэрийн дэлгүүр, кофе шоп нээх гэж 4 сар чирэгдүүлдэг хүн чанаргүй хүнд суртлаас чөлөөлж эхэлсэн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл гэдэг зүс, нэрээ гэрчилгээ, тохирол, бүртгэл, лавлагаа, дүгнэлт зэргээр өөрчлөн хувиргаж, 1000 гаруй болж амилсан зөвшөөрөл нэртэй хориглолтыг нурааж, эрх чөлөөний замыг чөлөөлнө. Архангай аймагт ааруул, цагаан идээгээ сайн борлуулж, 12 ам метр талбайгаа 45 ам метр болгож томруулъя гэхэд 8 нэрийн дэлгүүрийн хавтас дүүрэн бичиг цаас хөөцөлдөх хэрэгтэй болсон тухайгаа иргэн надад хэлсэн. Иргэнийхээ амжилтыг дэмжих биш дардаг ийм жишээ дүүрэн байна. Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн 32 төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг, тамга, бичиг хөөцөлдөх хэрэггүй. Хаана, юу хийх болсноо гар утаснаасаа мэдэгдээд шууд ажлаа эхэлнэ. 31 зөвшөөрлийг бүрмөсөн алга болгоно. 254 тусгай зөвшөөрлийг 180 болгож эрс цөөлж чөлөөлнө. Мянга гаруй зүсээ хувиргасан бичиг 134 энгийн зөвшөөрөл+ 32 мэдэгдэл болгож чөлөөлнө. Цахим засаглалын индексийг 28 байр урагшлуулсан амжилтаа ахиулж хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргадаг “e-cabinet”-г бүрдүүлж төрөөс олгож байгаа зөвшөөрөл, лицензүүдийг зөвхөн цахимаар олгох шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, и-бизнес 2.0 платформыг хэрэглээнд нэвтрүүлнэ.

Эрсдэл багатай, зардал ихтэй төрийн үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр хувийн хэвшилд шилжүүлж, төр иргэндээ очиж үйлчилдэг соёлыг бүрэн нэвтрүүлж зөвшөөрөл, тендер, материал, тайлан, төлөвлөгөө, дүгнэлт, таамаглал боловсруулах, тоон шинжилгээнд хиймэл оюун ухаан ашиглана.Иргэнээс нэг мэдээллийг нэг л удаа нэхдэг болгож, цааснаас ЧӨЛӨӨЛНӨ.

Төрийн албан хаагчид ажил хийж, шийдвэр гаргахаас айж эмээдэг болжээ. Ажил хийж асуудал шийддэг нь буруудаж, эс үйлдсэн нь завшдаг урвуу тогтолцоог эргүүлж шат шатанд шийдвэр гаргах эрхийг буцаан олгоно. Хөл толгой нь олдохоо байсан төрийн албаны тогтолцоо, чиг үүргийн давхардалд шинжилгээ хийж оновчилно. Төрийн албан хаагчдаа сар, улирал, хагас жил, жил тутам гэхчлэн 14-18 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгоно. Төрийн ажлын үр дүнг олон улсын индекс, бодлогын үр нөлөөгөөр хэмжиж, бодитоор үнэлнэ.

Дэлхий ертөнц технологийн хурдаар хувьсан өөрчлөгдөж, улс орнуудын өрсөлдөх чадвар зөвхөн газрын доорх баялгаар бус, хүний тархинд буй мэдлэг, ур чадвараар хэмжигддэг шинэ эринд бид амьдарч байна. Хот, хөдөөгийн, хувийн болон улсын сургуулийн ялгаанаас үүдэлтэйгээр монгол хүүхдүүд гарааны тэгш бус нөхцөлд байгааг бид нуух ёсгүй. 2022 онд хийсэн олон улсын ПИСА үнэлгээгээр сумын хүүхдүүд хотын хүүхдээс 3 хүртэл жилээр, аймгийн хүүхдүүдээс 1 жилээр хоцорч байгааг тогтоосон. Бидний зорилго бол Улаанбаатарт байгаа хүүхэд, алслагдсан сумын сургуульд сурч буй хүүхэд хоёрын хооронд мэдлэгийн ялгаа, хоцрогдол үүсгэхгүй байх явдал юм. Хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлж, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран дэлхийн хэмжээний боловсролыг технологиор дамжуулан авах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байна.

Боловсролтой нийгэмд ядуурал бага байна. Боловсролтой нийгэмд гэмт хэргийн гаралт бага байна. Боловсролтой нийгмийг бүтээгчид болох багш нарын нийгмийн баталгааг сайжруулж гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог боловсронгуй болгож өөрийн санаачлан батлуулсан багшийн хөгжлийг дэмжих тухай хуулиа хэрэгжүүлнэ.

“Сайн сургууль” гэж сайн хөтөлбөртэй, сайн багштай, хуурамч дүнгүй, хүүхэд бүр төсөвтэй, хамтын удирдлагатай, цахимжсан, халуун хоолтой, үе тэнгийн дээрэлхэлгүй сургуулийг хэлдэг гэж би ойлгодог. Боловсролтой иргэн бэлтгэхийн зэрэгцээ "Айдасгүй, хамгаалагдсан хүүхэд"-тэй байх нь чухал. Хүүхэд хамгаалал бол зөвхөн хууль биш, энэ бол үндэсний дархлаа юм. Сургууль, цэцэрлэг, цахим орчин бүгд хүүхдэд ээлтэй, аюулгүй байх ёстой. Бид хүүхдийн эсрэг хүчирхийлэлд "Тэг хүлцэл" үзүүлэх бодлогыг хатуу баримтална. Бид "Оюуны дайжилт"-ыг зогсоож, дэлхийн түвшинд хүрсэн монгол залуусаа эх орондоо авчрах, эх орондоо дэлхийн боловсрол эзэмших боломжийг нээх ёстой. Бид гадагшаа урсаж буй эрдэм оюуныг (Brain Drain), эх орондоо цугларах оюуны нөөц (Brain Gain) болгон хувиргах болно. Хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжил эрэлттэй байна боловсролын систем түүнийг нийлүүлдэг байх "Ухаалаг систем"-ийг хөгжүүлнэ. Дипломтой ажилгүйчүүдийг бус ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд боловсролыг зах зээлийн бодит эрэлттэй нийцүүлнэ. Үүний тулд хиймэл оюун ухааныг ашиглана.

Эрүүл мэндийн даатгал мөн чанартаа даатгал биш хараа хяналт муутай халамж болсныг засаж, хамтын санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлнэ. Зөвхөн улсын бус хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгож, хамтын санхүүжилтийг нэвтрүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлж, өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлнэ. Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна. Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг эрчимжүүлнэ.  Ингэснээр хуурамч, чанаргүй эм орж ирэхийг зогсооно. Эмийн үнийн өсөлтөд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор импортын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд борлуулагдсан бөөний болон жижиглэнгийн үнэ, тоо хэмжээний мэдээлэл солилцох, эмийн үнийн шатлал бүрд нэмэгдлийн хэмжээг хянах систем хөгжүүлнэ. 

ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Монгол бол эх дэлхийгээ аргадан хайрлах энх мөнх оршихуйн үзэл санааны өв уламжлалтай, оюуны соёлын эх ундаргатай орон. Монгол бол нар, салхины сэргээгдэх эрчим хүч, энергийн дундаршгүй их өгөгдөлтэй орон. Монгол бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд эмзэг өртөмхий, өргөн уудам газар нутгийнх нь 76 хувь нь цөлжилт, бэлчээрийн доройтолд нэрвэгдсэн орон. 

Байгаль орчноо ч хамгаалж, баялаг нөөцөө ч хариуцлагатай ашиглан, ирээдүй хойчдоо эрсдэлгүй эх орноо өвлүүлэх нь энх оршихуйн ногоон хөгжлийн загвар юм. Ногоон хөгжлийн замын үндэс нь эрүүл аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас хамгаалагдах Үндсэн хуульд заасан үндсэн эрх юм. Эх дэлхийдээ ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгждөг хөдөө аж ахуйг дэмжих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн замын  3-100 хөтөлбөр чиг шугам юм.

• Жилийн 240-өөс багагүй өдөр нь алтан нартай, цэнгэг салхины орон мөртлөө жилд 200 сая орчим доллараар бусдаас гэрэл, цахилгаан, 2.2 тэрбум ам.доллараар түлш,  шатахуун импортолж  хараат, хамааралтай байсаар байна.

• Эрчим хүчний хэрэглээ жилд 6–10 хувиар өсөж байхад цахилгаан станцуудаа цаасан дээр зурж гацаасаар өвлийн ид хүйтэнд гал алдлаа. 4-р ДЦС барьснаас хойш төр 43 жил цахилгаан станц барьж босгосонгүй. 

“100 мянган нарны гэр” санаачлагаар 2035 он гэхэд Чингэлтэйн 83 өрхийн гаргасан мөрөөр гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулан, буулгах яндан, нэмэрлэх цахилгаан, олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлөлтийн өргөн зам болно. Энэ бол 83 эгэл жирийн монгол айл өрхийн түлээгүй түлш, бохирдуулаагүй агаар, эрсдээгүй эрүүл мэнд, хэмнэсэн цаг мөнгө, бусдадаа өгсөн гэрэл гэгээ, дулаан, цэвэрхэн гэр орон. Энэ бол Улаанбаатарын уушгийг утсан 100 мянган яндан буулгах эхлэл болохоос төгсгөл биш ээ. 

“100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелиас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Монгол компани, монгол инженерүүд өөрсдөө барьж босгоод, өвлийн ид гал алдах үеэр Замын-Үүдэд нэг ч удаа гэрэл цахилгаан тасраагүй шиг хэд хэдэн аймаг, томоохон сууринд төр, хувийн хэвшил түншлэн, нар, салхины станц байгуулахаар санал санаачилга гарган, зарим нь аль хэдийнэ хөрөнгө зардлаа босгосон сайн мэдээ байна. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бүрдүүлэх хувийн хэвшлийн санаачилгыг нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж Засгийн газар бүрэн дэмжинэ.

3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард ,баруунаас зүүн, гол замууд дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниудтай хамт хэрэгжүүлнэ. 

Манай улс өргөн уудам нутагтай, нар салхины арвин их нөөцтэй орон. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчдаа нэмэлт орлоготой болгох “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээрийн доор агуулагдаж буй нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлүүлж хэмжүүлээд, Швейцари, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй, газар нутаг багатай орнуудтай байгуулсан гэрээний дагуу малчин өрх, хөдөөгийн иргэн, хүссэн хэн бүхэн доллар валютаар ашиг олох шинэ чөлөөлөлтийн замыг нээх болно.

ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ

Олон улсын Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарч байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм. 2025 онд Монгол Улс 31 оноо авч, 10 байраар ухарч, 182 орноос 124 дүгээр байрт хойшлон орсон нь төсөөлөл биш бодит үнэн. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантай, өөрсдийнхөө толин дахь тусгалтайгаа заргалдаад нэмэргүй, харин засаж залруулахын төлөө ажиллах ёстой. 

Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол улсын бүх иргэд юм.  Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, алдарсан итгэл юм. Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, хууль бусаар олсон хөрөнгөө угааж нуух, хохирол барагдуулах ажил хангалтгүй байна. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд хорих ял шийтгэн, татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгөөр хамгаалж харгалзаж, хооллож ундлахаас гадна бүгдэд хамаатай хохирол барагдуулдаг байх нь онц чухал байна. Авлигаар олсон мөнгө, үндэслэлгүй хөрөнгө орлогыг олон нийтийн шууд хараа хяналтын дор хураан авах, худалдан борлуулах, эрүүл мэнд, боловсрол, эмнэлэг сургуульд зарцуулах ил тод тайлагнал бүхий хуулийн өөрчлөлт, зохицуулалтыг Засгийн газрын тэргүүний хувьд манлайлж, санаачилсан гишүүдтэй  нягт хамтран ажиллана.  

Шилэн ажиллагаагаагаар олон нийтэд нээлттэй болгосон 820 мянган мөр өгөгдлийг их өгөгдөл болгон, хүнээс хамааралгүй шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлнэ. 

Манай Засгийн газар хурд, гүйцэтгэл, дижитал шинэчлэл давамгайлсан “crisis management” төлөвлөгөөтэй, цахим засаглалын түргэвчилсэн горимын дагуу өгөгдөлд суурилсан шийдвэр гаргадаг, иргэндээ ээлтэй, нээлттэй, эрх чөлөөний төлөө Засгийн газар байх болно. 

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монголчууд эвлэлдэж нэгдэх бүрдээ мандан бадарч, эвдэрч бутарсан цагтаа уруудан доройтож явсан түүхтэй. Эрчим хүч, энергийн үнийн өсөлт, хомсдол, тээвэр, логистик худалдааны хямралыг өдөөсөн дэлхийн цаг төрийн үймээн самууныг үзэл бодол, намын харьяалал, ажил мэргэжил үл харгалзан Монгол хэмээх нэгэн тугийн дор нэгдэн асуудлыг шийдэл болгон хамтдаа зүтгэе. Бие биедээ, Монгол нь Монголдоо, иргэн нь иргэндээ, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчдадаа бүрэн итгэж, бүтэн зүтгэж, хүслийг хяссан хүнд суртлаас хийе бүтээе гэсэн хэн бүрийг чөлөөлж ард түмэндээ амар амгалан амьдрах орчныг бүтээх зорилго дор нэгдэн нягтарч цагийн шуургыг сөрж давцгаая. 

Суудал шийдэл ярьдаг бус асуудал шийдэл ярьдаг, сандал ширээ булаалддаг бус  санал шийдлээ уралдуулдаг бүтээлч Монголыг бүтээцгээе. 

Эргэх холбоотой, иргэндээ ойрхон, энгийн даруу ажиллах болно.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай.

 

 


 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна