АН-ын бүлэг Засгийн газрын данхар бүтцийг шүүмжилж ялангуяа дэд сайд нарын томилгоотой холбоотойгоор Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Улмаар дээрх шийдвэрээ эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг ч хөндөнө гэж мэдэгдсэн.
Тэгвэл тэд өчигдөр Ерөнхий сайдтай уулзаж, Ерөнхий сайдын зүгээс "Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан тухай тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, та нарын баталсан хуулиар дэд сайд нарыг томилсон. Хэрэв шаардлагатай бол Засгийн газрын хуулийг өөрчлөх төслөө оруулж ирэх эрх нь АН-ынханд нээлттэй гэсэн агуулгыг хөндсөн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Цогтгэрэлээс тодруулахад тэрбээр "Засгийн газар өөрсдөө дэд сайдуудаа чөлөөлөх хууль өргөн барих ёстой, ер нь бол Ерөнхий сайдын л асуудал юм байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.






