Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсэг өнөөдөр /2026.01.06/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус хөдөлгөөнийг санаачлагч, Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа Д.Батсүх “Манай хөдөлгөөн эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд иргэдэд зорилгоо таниулах, үзэл санаагаараа нэгдэх ажлыг шат дараатай хийж ирлээ. Үүний хүрээнд нэгдүгээр сарын 13-нд анхдугаар уулзалт, зөвлөгөөнөө зохион байгуулахаар зарласан” хэмээн онцоллоо.
Тэрбээр санал асуулгын үндсэн зорилгыг тайлбарлахдаа, “Сүүлийн 30 гаруй жилийн турш төрийн эрхийг ээлжилж барьж, УИХ-д сонгогдсон МАН, АН үнэхээр ард түмнийг төлөөлж чадаж байна уу гэдэгт хариулт авах нь чухал. Товчхондоо, 126 гишүүнтэй парламентад итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна” гэв.
Санал асуулгын тодорхой томьёоллыг хэлэлцэж, нэгдүгээр сарын 13-ны хурлаар эцэслэн батлахаар төлөвлөж байгаа аж. Харин гол агуулга нь УИХ-д итгэл үзүүлэх эсэх, улмаар тараах шаардлагатай эсэх асуудалд чиглэнэ гэдгийг тэрбээр тодотгов.
Мөн Д.Батсүх “УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь тарах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад огцрох хүсэлтэй байна гэж үү. Тиймээс 82 гишүүнийг сонгосон 800 мянган иргэн бид өөрсдийн эрх, байр сууриа ухамсарлаж, санал асуулгад идэвхтэй оролцох хэрэгтэй. Ингэснээр ард түмний засаглах эрх бодитоор хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.






