ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Манай улс жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшилжээ

Манай улс жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшилжээ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Байнгын хороодын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Манай улс 2024 онд Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдэж 20 байраар урагшилжээ.

Боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахицтай гарсны зэрэгцээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор 120 дугаар байрнаас 99, ажиллах хүчний оролцоогоор 43 дугаар байрнаас 20 дугаарт эрэмбэлэгдэж, ахиц дэвшилтэй гэж үнэлэгдсэн байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил болгон гаргадаг уг индексийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт онцлон танилцуулаад, Олон Улсын Парламентын холбооноос гаргадаг "Парламент дахь эмэгтэйчүүд" үзүүлэлтээр дэлхийн 190 улсаас 98 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 30 байраар ахисан.

Эмэгтэйчүүдийн бизнесийн болон хууль, эрх зүйн орчны үзүүлэлтээр дэлхийн болон бүс нутгийн дунджаас дээгүүр дүгнүүлээд байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Засгийн газрын тайланд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа болон жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт 70 хувийн хэрэгжилттэй буюу үр дүнтэй, хөдөөгийн охид, эмэгтэйчүүд, залуу малчдын жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 30 хувь буюу үр дүнгүй, статистик, дүн шинжилгээ мэдээлэл, судалгаа 50 хувьтай буюу үр дүн хүлээгдэж байгаа гэсэн үнэлгээтэйгээр боловсруулсан байна.

Бүхэлдээ жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 55 хувь буюу зарим ахиц дэвшил гарсан гэсэн дүгнэлтийг хийжээ.

Иймд цаашид үр дүнд суурилсан төлөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх туршлага, чадавхыг бүх түвшинд нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг ахиулах, бүх талын оролцоо, манлайлал, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж буйг сайд С.Бямбацогт танилцуулав.

Үүний тулд Засгийн газраас жендэрийн хариуцлагатай бодлого, төлөвлөлтийн эрх зүй бодлогын орчны дэмжлэгийг ахиулах, үндэсний тогтолцооны тогтвортой байдал, чадавх, мэдлэг болон хамтын ажиллагааг сайжруулах, бодлогын чиглэл, арга хэмжээг илүү үр нөлөөтэй төлөвлөх, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх стратегийг баримтлан ажиллахаар төлөвлөжээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх шаардлагагүй гэж Хууль зүйн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Байнгын хороо

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна