ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Эдийн засаг

Зэсийн эрэлт Монголыг дэлхийн зах зээлд тоглогч болж хувиргана

Зэсийн эрэлт Монголыг дэлхийн зах зээлд тоглогч болж хувиргана

Монголын эдийн засгийг нүүрс тодорхойлохоо больж байна. Уул уурхайд түшиглэж, тэр дундаа ганц түүхий эдээ зарж амьдардаг бидний хувьд дараагийн орлогын эх үүсвэр нь зэс болох найдлага бий боллоо. 

Манай улсын  нийт экспортын 70-75 хувь нүүрс, зэс, төмрийн хүдэр гэсэн гурван эрдэс бүтээгдэхүүнээс хамаардаг. Энэ дундаас нүүрсний экспорт 54, зэс 20 гаруй хувийн нөлөөтэй. Цар тахлаас хойш нүүрсний экспортын биет хэмжээ өссөөр  2025 онд түүхэндээ анх удаа 85 сая тоннд хүрсэн ч 43 хувийн үнийн уналт нь төсвийн орлого тасалдах, улмаар дахин тодотгол хийх нөхцөл үүссэн. Золоор гэх үү, алт, зэсийн үнийн өсөлт эдийн засгийн цусны урсгалыг таслахгүй амь тариа боллоо.  Товчхондоо, нүүрсний үнийн уналтаас үүссэн гадаад шокийг  зэс зөөлрүүлж  экспортын орлогоороо нүүрснээс давсан шинэ дүр зураг бий болсныг  Үндэсний статистикийн хорооны арванхоёрдугаар сарын тайлангаас харж болохоор. 

 

 

                          ЗЭС МОНГОЛЫН НАЙДВАР БОЛЖ БАЙНА

2026 он гарсаар  дэлхийн зах зээлд  тонн нь $14.000 шүргэсэн зэсийн өгөөж төсвийн орлого бүрдүүлэлтийн гол найдвар нь болж магадгүй бололтой. Зэсийн үнийн өсөлт гадаад худалдааг өнгөлж шинэ дүр зураг бий болсон нь үүний тод жишээ. Статистик мэдээллээр, энэ оны нэгдүгээр сарын эцэст гадаад худалдааны ашиг дээд цэгтээ хүрч ногоон гэрэл аслаа. Нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.долларт хүрч  тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарахад  хүрэн металлын үнийн өсөлт экспортын орлогоор дамжуулан гол хөшүүрэг нь болов. Он гарсаар нэгдүгээр сарын дүнгээр 221.7 мянган тонн зэсийн баяжмалыг 725.9 сая ам.доллароор экспортолсон байна. 

 

Олон улсын зах зээл дээр зэсийг “Dr.Copper” буюу эдийн засгийн мөчлөгийг урьдчилан “оношилдог” дохио гэж нэрлэдэг. Уг металл нь үйлдвэрлэл, дэд бүтэц, цахилгаан сүлжээ, хиймэл оюун ухаан, дата төв, ухаалаг технологи зэрэг бодит эдийн засгийн гол салбаруудад өргөн ашигладаг тул эрэлт хэрэгцээ нь эдийн засгийн идэвхжилтэй шууд уялддаг. Иймээс зэсийн үнэ ихэнхдээ зах зээл ирээдүйн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлт рүү чиглэж эхэлснийг илэрхийлдэг. 

ХООСОН МӨРӨӨДӨЖ ЯРЬСААР МОДОО БАРИХ ВИЙ

Өнөөдөр манай улс Эрдэнэт, Оюутолгой гэсэн энэ хоёр том саалийн үнээнээс өөр орлогын эх үүсвэргүй, урагш хөдөлгөсөн ганц ч зэсийн төсөлгүй. Дараагийн Оюутолгой шиг Цагаансуварга, Хармагтайн орд цаасан дээрээ царцахаас өмнө гараанаас гаргахгүй бол бид мөрөөдлийн жагсаалтуудаа ярьсаар дэлхийн хөгжлөөс хоцрох нь цаг хугацааны л асуудал болно. Хятад найтаах төдийд Монголд хатгаа болдог нь ердийн үзэгдэл шиг болж алт, зэсийн үнэ өсөхөөр дагаж баярладаг хоосон мөрөөдөж ярьсаар модоо барих вий. 

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРЫН АНХААРЛЫГ ЗЭСИЙН АМНАТ ТАТНА

Монгол Улс 2026 оны эхээр нэмүү өртөг шингэсэн экспортод анхаарлаа хандуулж, түүхий баяжмал экспортлохоос гадна катодын зэс, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү шилжихийг зорьж буй. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас олон жил улиг болтол яригдсан ч дорвитой өөрчлөлт ороогүй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж байна. Энэ хуулийн амин сүнс нь АМНАТ. Ялангуяа, зэсийн АМНАТ-ийн хэмжээг бууруулж гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад анхаарч буй. Учир нь, манайх эдийн засгийн өсөлтөө даатгах зэсийн салбартаа хэт өндөр АМНАТ (21.6 хувь хүртэл) тавьчихсан нь асуудлын зангилаа болж байна. Энэ хувь хэмжээг бууруулах нь өөрөө хуулийн төслийн гол өөрчлөлт болох учиртай. Хэрэвзээ АМНАТ-ийн хэмжээг бууруулж чадвал гадаадын хөрөнгө оруулагч нарт Монголыг сонирхох дахин анхааралд өртөх болно. 

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Зэс

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна