ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

"Эрдэнэт" үйлдвэрт нэг сарын дотор гарсан хоёр ослоор хоёр хүн амиа алджээ

"Эрдэнэт" үйлдвэрт нэг сарын дотор гарсан хоёр ослоор хоёр хүн амиа алджээ

2026 оны нэгдүгээр сар гарсаар ганцхан сарын дотор “Эрдэнэт” үйлдвэрт хоёр ч удаа хүний амь нас эрсэдсэн ноцтой осол гарлаа. Энэ бол тохиолдлын давхцал биш, харин аюулгүй байдал, менежментийн тогтолцоо ноцтой доголдсны тод илрэл юм.

Эхний осол нэгдүгээр сарын 7-нд бүртгэгдэж, үйлдвэрийн үндсэн ажилтан ажлын байран дээрээ амь насаа алдсан. Харин сүүлийн осол өнгөрсөн долоо хоногт гарч, гэрээгээр ажил үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилтан түр хугацаанд ажиллахаар ирсэн байхдаа амиа алджээ. 

Хамгийн анхаарал татахуйц, хамгийн ноцтой асуудал нь үйлдвэрийн удирдлага сүүлийн ослын талаарх мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулсан явдал юм. 

Хэрэв ажилчид, дотоод эх сурвалжууд мэдээлээгүй бол энэ хэрэг чимээгүйхэн “алга болох” байв уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Хүний амь нас эрсдсэн осол бол хэзээ ч нууцлах ёстой асуудал биш.

Эндэгдэл бол ганц ажилтны алдаа биш. Үйлдвэрийн дотоод ажилчид өөрсдөө “энэ бол аюулгүй ажиллагаа, хяналт, менежментийн цогц доголдол” хэмээн ярьж байна. Аюулгүй байдлын заавар мөрдөгдөж байна уу, хяналт бодитой юу, удирдлага газар дээрээ ажиллаж байна уу гэдэг асуултууд хариулт нэхэж байна.

Үүн дээр нэмэгдээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Юмэнхүүгийн хөндсөн ноцтой асуудлууд бүр ч түгшүүр төрүүлнэ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрт сахилга бат алдагдсан, зарим удирдах албан тушаалтнууд ажлын өдрөө архидан согтуурч өнгөрөөдөг тухай хүртэл ил тод ярьсан. Хэрэв энэ үнэн бол аюулгүй ажиллагаа яагаад уналтад орсны шалтгаан тодорхой болж байна.

Ийм нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэрийн аюулгүй байдал, менежментийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт зайлшгүй урган гарна. Бодлогын түвшинд хариуцлага хүлээх ёстой хүн нь Г.Ёндон дарга өөрөө. Хяналтгүй менежмент, сахилга батгүй удирдлага нь ашиг, төлөвлөгөөний алдагдалд л хүргэдэг асуудал биш. Энэ нь бодит амьдрал дээр хүний амь эрсдэхэд хүргэдэг аюултай нөхцөл юм.

Товчхондоо, ашиг, олборлолтын тоо тайлан дээр сайхан харагдаж болох ч хяналтгүй менежмент, сахилга батгүй удирдлагын цаана эргэж ирэхгүй хүний амь үлддэг.

“Эрдэнэт” бол улсын стратегийн үйлдвэр. Харин тэнд ажиллаж буй хүмүүс бол статистик биш, эрдэнэт амь. Хэрэв өнөөдөр бодит хариуцлага тооцохгүй, тогтолцооны гажгийг засахгүй бол маргааш дахиад нэг амь эрсдэхгүй гэх баталгаа алга.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Г.Ёндон

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна