Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцож буй Израил Улсын төлөөлөгчидтэй ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан уулзаж, хоёр улсын хүүхэд хөгжил, хамгааллын салбарын туршлага солилцох болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцлаа.
Уулзалтад Израил Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Израилын Олон улсын хөгжлийн агентлаг (МАШАВ)-ийн дарга, Элчин сайд хатагтай Э.Шлейн, Израил Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Элиав Белоцерковский, Израил Улсын Монгол Улс дахь Өргөмжит консул Н.Наран, профессор Шимон Рачмилевич нар оролцов.



Энэ жил Монгол Улс, Израил Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Израил Улс нь хүний хөгжлийн бодлогод онцгой анхаарч, хүүхэд, залуучуудаа системтэйгээр хөгжүүлэх шилдэг туршлагыг хэрэгжүүлж ирсэн билээ.
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хүүхдийн хөгжил, хамгааллын салбарт дараах чиглэлүүдээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах саналыг илэрхийллээ.


Тэгш оролцоо ба ээлтэй орчин: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдэнд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр Израил Улсын сайн туршлагаас суралцах;
Тусгай тусламж шаардлагатай хүүхдийн хамгаалал: Асрамж, халамжийн газар болон түр хамгаалах байранд амьдарч буй хүүхдүүдэд үзүүлэх хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
Хүүхдийн зуслангийн хөгжил: Хүүхдийн зуслангийн хөгжил, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, менежментийн туршлага солилцох;
Авьяас, чадамжийг эрт илрүүлэх: Израил Улсад хэрэгждэг хүүхдийн авьяас, чадамжийг бага насанд нь илрүүлэн тусгай хөтөлбөрөөр дэмжин хөгжүүлдэг бодлогын хэрэгжилтээс суралцах;
Багш нарын чадавхыг бэлтгэх: Хүүхэд хөгжлийн чиглэлээр сертификэтжүүлэх багш бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх.
Изриал Улсын төлөөлөгчид дээрх чиглэлүүдийг ажил хэрэг болгож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв.






