ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Дэчэнгалаба дацангийн 220 жилийн ойд зориулсан олон улсын хурал болно

Дэчэнгалаба дацангийн 220 жилийн ойд зориулсан олон улсын хурал болно

Богдын шар ордонд Дэчэнгалаба дацан байгуулагдсаны 220 жилийн ойг тохиолдуулан “Их Монгол оронд цогт цагийн хүрдний өв уламжлал, эрдэм судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацанд болно.

Хурлыг МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацан болон Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхан шашны их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, АНУ, Энэтхэг, Унгар зэрэг 5–6 орны эрдэмтэн, судлаачид, дотоодын судлаачид болон Гандантэгчэнлин хийдийн эрдэмтэн лам хуврагууд оролцож, илтгэл хэлэлцүүлэх юм.

Хурал гурван үндсэн хэсэгтэй. Үүнд Дүйнхор буюу Цагийн хүрдний номлолын философийн үндэс, Дэчэнгалаба дацангийн түүхэн хөгжил, Богд Жавзандамба хутагтууд болон дацангийн харилцаа холбоо, сүүлийн арван жилийн судалгааны шинэ үр дүнг хэлэлцэнэ.

Энэ удаагийн хурлын онцлох судалгааны нэг нь Дэчэнгалаба дацангийн 1806 онд зохиогдсон их жаягийн анхны гар бичмэлийг бүрэн эхээр нь олж илрүүлсэн явдал юм. Мөн ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор, профессор О.Батсайхан “Богдын шар ордон”, МУБИС-ийн доктор, профессор Л.Алтанзаяа “Дүйнхор дацангийн жаягийн хөрвүүлэг, тайлбарыг нягтлах нь” сэдвээр илтгэл тавина.

Түүхэн эх сурвалжуудаас үзвэл, Дэчэнгалаба дацанг 1806 онд IV Богд Жавзандамба хутагтын санаачилгаар Богдын шар ордонд байгуулжээ. Тарнийн ёсны тус дацан нь анх 50 ламтай байсан бөгөөд үе үеийн Богдуудын шашин, төрийн үйл хэрэгтэй салшгүй холбоотой хөгжиж ирсэн түүхтэй.

Харин 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр үйл ажиллагаа нь зогсож, 1993 онд дахин сэргээн байгуулагдсан байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Дэчэнгалаба дацангийн түүх, шашин, соёлын өв уламжлалыг гадаад, дотоодын судлаачдын бүтээл, баримтад тулгуурлан судалж, шинэ нээлт, судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлоход оршиж байна.

Хурал арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 08:00–17:30 цагт болох бөгөөд олон нийтэд нээлттэй. Эрдэмтэн, судлаачид болон сонирхсон иргэд үнэ төлбөргүй хүрэлцэн ирж оролцох боломжтой.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна