Төрийн бодлого, томилгоо, амьжиргааны дарамтыг эсэргүүцсэн иргэд өнөөдөр Төрийн ордны гадна цуглаж, бухимдлаа ил тод илэрхийллээ.
Жагсагчид бензин шатахууны үнийн өсөлт, цалингийн бодит орлогын уналт, мөн олон нийтийн эсэргүүцэл дагуулж буй дэд сайд нарын томилгоо нь иргэдийн амьдралтай огт нийцэхгүй байгааг онцлон, УИХ дахь намын бүлгүүдэд албан шаардлага хүргүүлэв.
Жагсаалын үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөл гарч ирж, иргэдийн шаардлагыг хүлээн авсан ч жагсагчид “амлалт биш, бодит шийдвэр” нэхэж байгаагаа илэрхийлэв. Тэдний зүгээс шаардлагын хариуг нэн даруй, тодорхой хугацаатай өгөхгүй бол тэмцлийн хэлбэрээ хурцатгаж, илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэхээ анхаарууллаа.
“Залуучууд дээшээ биш, гадагшаа шахагдаж байна”,
“Идсээр байгаад хордлогод орлоо, одоо больё оо”
гэх мэт хурц утгатай лоозон барьсан иргэд төрийн бодлого ард түмнээсээ улам холдож, эрх баригчид албан тушаалын томилгоонд анхаарахаас бус амьжиргааны бодит асуудлыг үл ойшоож байна хэмээн шүүмжиллээ.
Жагсагчдын хэлснээр, өргөн хэрэглээний үнэ өсөж, шатахуун тогтворгүй, цалин бодит инфляцыг гүйцэхээ больсон энэ үед төрийн зүгээс бүтцээ тэлж, дэд сайд нарын тоог нэмсэн нь иргэдийн тэвчээрийг барагдуулж байна.
Иргэд “энэ бол ганц өдрийн бухимдал биш, олон жил хуримтлагдсан шударга бусын илрэл” хэмээн онцолж, эрх баригчдаас хариуцлага, бодит өөрчлөлт шаардаж буйгаа ил тод мэдэгдлээ.








