Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо энэ сарын 12-нд буюу ирэх Даваа гаригт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.
Тус холбооны мэдээлснээр, Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 997 мал эмнэлгийн нэгж өнөөдөр тэсч үлдэх түвшинд ажиллаж байна. Залуу малын эмч нар мэргэжлээрээ ажиллах сонирхол буурч, орон нутагт тогтвортой үйлчилгээ алдагдах бодит эрсдэл үүсээд байна. Орон нутгийн малын эмч нарын олон жилийн хичээл зүтгэл үнэлэгдэхгүй, үйл ажиллагааны төлбөр удааширч, энэ нь малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндэд шууд нөлөөлж байна" гэж мэдэгдэв.
"Өнөөдөр 1234 малын эмчийн 50 шахуу хувь нь 50-иас дээш настай. Тэд тэтгэврийн зээлээ аваад л ажилдаа зарцуулах жишээтэй. Залуус малын их эмчээр сурсан ч яагаад орон нутагт очихгүй байна вэ. Амьдрахад нь хангалттай орлого байхгүй учраас өөр салбарууд руу даажиж байна".
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг "Малын эмч нар тайван жагсаал хийж, эмч нарын орлогыг нэмэгдүүлэх, малчдыг хариуцлагажуулах салбарын зөв бодлого нэхнэ. Жил бүр хувийн малын эмч нараар төрийн ажлыг гүйцэтгүүлэх гурвалсан гэрээ хийдэг ч малын эмч нараас л үүрэг, хариуцлага нэхээд байхаас гэрээний нөгөө талын төр үүргээ огт хэрэгжүүлдэггүй. Тиймээс малын эмч нар асуудал шийдэгдтэл уг гэрээг хийхгүй. Малын эмнэлгийн нэгжүүдийн үйлчилгээний хөлсийг он дамжуулсан хариуцлагыг хэн хүлээх юм.
Малын эмч нарт зөндөө асуудал бий. Тэр дотроос хамгийн эхний ээлжинд нэн хэрэгцээтэй хоёр асуудлыг шийдэж өгөхийг МЭЕГ-аас байнга хүсдэг. Нэгдүгээрт, тарилгын үйлчилгээний хөлсийг цагт нь олгож өгөөчээ. Хоёрдугаарт, эмч нарын мал эмнэлгийн гэрчилгээ бичиж, гүйцэтгэлээ оруулдаг системийг гацалтгүй ажиллуулаад өгөөч гэдэг хоёрхон саналыг тавьдаг. Бусад асуудлыг бид хойшоо тавьж ирсэн" гэжээ.






