Өмнөд Азийн Непал улсад репперээс улстөрч болсон Балендра Шах Ерөнхий сайдын тангараг өргөж, шинэ Засгийн газар албан ёсоор бүрдлээ.
35 настай Шах нь өмнө нь хип-хоп уран бүтээлчээр танигдаж, улмаар нийслэл Катманду хотын даргаар ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн парламентын сонгуульд өөрийн толгойлсон Rastriya Swatantra Party (Үндэсний бие даасан нам)-ийг ялалтад хүргэсэн юм.
2025 оны есдүгээр сард Непалд залуусын эхлүүлсэн, “Gen Z” үеийнхний оролцоотой авлигын эсрэг жагсаал богино хугацаанд улс даяар өргөжиж, төр засгийг бүхэлд нь шүүмжилсэн үндэсний хэмжээний хөдөлгөөн болж хувирсан. Энэхүү эсэргүүцлийн давалгааны үр дүнд тухайн үеийн Ерөнхий сайд К.П. Шарма Оли тэргүүтэй Засгийн газар огцорсон юм.
Жагсаалын үеэр олон хүн амь үрэгдэж, мянга гаруй хүн гэмтэж бэртсэн нь улс төрийн нөхцөл байдлыг огцом өөрчлөхөд хүргэсэн гэж ажиглагчид дүгнэсэн.
Уг үйл явдлаас хойш зургаан сарын дараа болсон парламентын сонгуулиар шинэ улс төрийн хүчнүүд тодорч, Шахын нам олонхийн санал авч ялалт байгуулсан байна. Ингэснээр тэрбээр Непалын түүхэнд хамгийн залуу Ерөнхий сайд нарын нэг болж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ удаагийн сонгууль нь залуусын оролцоо, нийгмийн сүлжээний нөлөө, авлигын эсрэг шаардлага зэрэг хүчин зүйлс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн онцлогтой байлаа.
Шинээр томилогдсон Ерөнхий сайдын өмнө авлигатай тэмцэх, эдийн засгийг сэргээх, ажилгүйдлийг бууруулах зэрэг тулгамдсан асуудлууд хүлээгдэж байна. Мөн улс төрийн шинэчлэл, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх нь түүний Засгийн газрын гол зорилтуудын нэг байх төлөвтэй байна.
Урлагийн салбараас улс төрд хүч түрэн орж ирсэн шинэ үеийн төлөөлөл төрийн эрхийг авсан нь Непалын улс төрд томоохон өөрчлөлтийн эхлэл болж байна.






