Монголын улс төрд “сонгуулийн чимээ” албан ёсоор эхлэхээсээ өмнө дотоод халаалтаар эхэлдэг бичигдээгүй хууль бий. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөх уур амьсгал ч үүнээс ялгарсангүй. Албан ёсны нэр, шийдвэр гараагүй ч улс төрийн хүрээ, судалгааны байгууллагууд, нам доторх бүлэглэлүүдийн түвшинд тооцоолол, тандалт, дотоод яриа эрчимжиж эхэлжээ.
Ялангуяа эрх баригч МАН-ын хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль стратегийн өндөр ач холбогдолтой. Парламентын олонхийг бүрдүүлж буй нам Төрийн тэргүүний институцийг ч мөн хяналтдаа байлгах уу, эсвэл улс төрийн тэнцвэрийн шинэ зураглал үүсэх үү гэдэг нь зөвхөн намын дотоод асуудал бус, тогтолцооны ирээдүйтэй холбоотой юм.
Хоёр нэр, хоёр өнгө
Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй ч МАН-аас улс төрийн хүрээнд хамгийн их яригдаж буй нэрс бол Г.Занданшатар, М.Энхболд нар.
Г.Занданшатарын тухайд төрийн гурван өндөрлөгийн түвшинд ажилласан туршлага, гадаад харилцаа, эдийн засгийн бодлогын чиглэлд оролцож ирсэн намтар нь түүнийг “системийн хүн” хэмээн тодорхойлох шалтгаан болдог. Түүнийг нэр дэвшсэн тохиолдолд харьцангуй өндөр рейтинг авах боломжтой гэх судалгааны дүн гарсан гэх. Түүний хувьд зорьж буй алсын хараа нь Ерөнхийлөгчийн сонгууль. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хэлсэнчлэн, илүү дутуу үйлдэл хийхгүй, ингэсгийж байгаад Ерөнхийлөгчид өрсөлдөх хүн" гэж хэлсэн нь ч үнэний ортой.
Харин М.Энхболдын хувьд улс төрөөс тодорхой хугацаанд зай барьсан нь нэг талаас сул тал мэт харагдавч нөгөө талаас “цэвэр хуудас”-аар эргэн ирэх боломж ч гэж уншигдаж байна. 2019 онд УИХ-ын даргын албан тушаалаас огцорсноос хойш тэр идэвхтэй улс төрийн байр суурь илэрхийлээгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд хэт улстөржсөн зөрчлийн “золиос” болсон гэх хандлага ч тодорхой хэсэгт бий. Түүний тогтуун, зөөлөн имиж нь туйлшралаас залхсан сонгогчдын хувьд давуу тал болж мэднэ.
Парламентын сонгууль намын брэнд, бодлогын багц дээр тулгуурладаг бол Ерөнхийлөгчийн сонгууль хувь хүний итгэлцэл, зан чанар, имиж дээр төвлөрдөг онцлогтой. Сонгогчид энэ удаа “ямар нам”-аас илүү “ямар хүн”-ийг Төрийн тэргүүнээр харах вэ гэдэг асуултад хариулна.
Тиймээс МАН нэр дэвшигч тодруулахдаа хэд хэдэн хүчин зүйлсийг жинлэх нь гарцаагүй.
Тухайлбал, Г.Занданшатар тогтолцооны үргэлжлэл, бодлогын залгамж чанарыг илэрхийлэх бол М.Энхболд намын дотоод эв нэгдлийг хадгалах, “зөөлөн” шилжилтийн хувилбар байж болох дүр зураг харагдана. Гэхдээ эцсийн нэр тодроход зай ч байна, өнөөдрийн байдлаар энэ бүхэн таамаг, дотоод хэлэлцүүлгийн түвшинд яригдаж буй нэрс. Цаг нь болохоор эцсийн шийдвэрийг намын Бага хурал, Удирдах зөвлөл гаргана. Тэр хүртэл улс төрийн уур амьсгал, олон нийтийн хандлага, гэнэтийн үйл явдал, бүр сөрөг хүчний алхам хүртэл нэрсийг өөрчилж мэднэ.
Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн нэг хүний хувь заяа бус, Монголын төрийн институцийн тэнцвэр байдаг. Энэ удаад МАН тогтвортой байдлыг сонгох уу, эсвэл шинэчлэгдсэн имижтэй эргэн ирэлтийг илүүд үзэх үү гэдэг нь зөвхөн намын дотоод сонголт биш, ирэх зургаан жилийн улс төрийн өнгийг тодорхойлох шийдвэр байх болно.
Сонгуулийн жинхэнэ халаалт одоо л эхэлж байна. Хавар, зун нь ч өөрөө хална.





