ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.05.26) хамтран хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан 09 цаг 54 минутад хүрэлцэн ирэх ёстой 56 гишүүний 29 нь хүрэлцэн ирснээр, 51.8 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар удирдав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хамтарсан хуралдаан явууллаа. Байнгын хороод нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хувилбартай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.  Ийнхүү төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


 Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


 Энэ өдрийн хуралдааны төгсгөлд  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төслийн үзэл баримтлал болон төслөөр зохицуулах харилцаа нь Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зохицуулалтыг бүхэлд нь хүчингүй болгох асуудлыг хөндсөн.


 Гэвч хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтыг яг тухайн бичилт бүхий үг өгүүлбэр найруулгаар өөрчлөн найруулахаар тусгаж өргөн мэдүүлсэн хэмээн Б.Заяабал гишүүн танилцууллаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт “Өөрчлөлт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтын зарим нэр томьёо, үг хэллэгийг өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохооргүй байвал түүнийг өөрчлөн найруулна.” гэж заасан байдаг. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчих аж. Нэгдсэн хуралдаанаас хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд оновчтой болгож хэлэлцэх шаардлага үүссэн. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж хэлэлцүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлсэн. Уг саналыг нэгдсэн хуралдаанаар дэмжсэнээр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.25 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталжээ. Уг саналтай уялдуулан 2025 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл нэг зүйлтэй, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгажээ.


 Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл, Х.Булгантуяа, Г.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Б.Заяабал гишүүн гаргав. Хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 51.3 хувийн саналаар дэмжив. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ТБХ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна