Өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг эх орондоо хийдэг боллоо
“Оюу толгой” компани Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжилгээ хийх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) төхөөрөмжийг 276 сая төгрөгийн санхүүжилтээр хүлээлгэн өглөө.
Энэхүү төхөөрөмж нь хүдэрт агуулагдах эрдсийн бүтэц, найрлагыг өндөр нарийвчлалтай тодорхойлдог бөгөөд баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын горимыг оновчтой болгох, металл авалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Өмнө нь ийм төрлийн шинжилгээг Австрали Улсын Бундора судалгаа, хөгжүүлэлтийн төв рүү дээж илгээж хийлгэдэг байсан бөгөөд шинжилгээний хариуг 4-5 сарын дараа авдаг байв. Харин энэхүү технологийг Монголд нэвтрүүлснээр шинжилгээний хугацааг 14 хоног хүртэл бууруулж, тээвэрлэлтийн болон гаалийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.
Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц Герман Монголын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр МГТИС-ийн судалгааны чадавхыг бэхжүүлэх чиглэлд тууштай ажиллаж ирснийг онцлоод, энэхүү хүчин чармайлтад хувийн хэвшил манлайлан оролцож байгаад талархал илэрхийлэв.
Мөн МГТИС-ийн Захирал Б.Батцэнгэл “Оюу толгой” компани тус сургуулийн үйл ажиллагаа төдийгүй Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролд урт хугацаанд бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.
Энэ үеэр “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэлэхдээ: “Оюу толгой компани МГТИС-ийг тогтмол дэмжиж ирсэн бол тус сургуулийг төгссөн чадварлаг залуус манай хамт олны нэг хэсэг болон ажиллаж, харилцан үр өгөөжтэй хамтран ажиллаж ирлээ. Уул уурхайн салбарын чухал харриуцлагын нэг нь ашигт малтмалын нөөцийг хамгийн өндөр үр ашигтайгаар, байгальд ээлтэй арга технологиор эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Энэхүү лаборатори нь зөвхөн Оюу толгойд төдийгүй Монголын уул уурхайн салбарын бусад аж ахуйн нэгжүүдэд ч өндөр ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.
“Оюу толгой” компани 2013 онд МГТИС-ийн хичээлийн болон дотуур байрны барилгын ажлыг 11.7 тэрбум төгрөг (9.5 сая ам.доллар)-өөр санхүүжүүлж, хүлээлгэн өгснөөс хойш тус сургуультай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж ирсэн. Энэ хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг, оюутны тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөрүүд зэрэг мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт хөрөнгө оруулалтыг хийсээр байна. МГТИС-ийг төгссөн залуусын 1/3 нь Оюу толгойд болон туслан гүйцэтгэгч компаниудад ажиллаж байгаа юм.
2021–2026 оны хооронд нийт 52 оюутан “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаад байна. 2013 оноос хойш МГТИС-д оруулсан нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 15.7 тэрбум төгрөгт хүрчээ.





