Польш улсын ерөнхий сайд Дональд Туск Эпштейний хэрэгтэй холбоотойгоор ноцтой арга хэмжээ авч байна.
2026 оны хоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд Дональд Туск тусгай шинжилгээ, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулж байгаагаа мэдэгдсэн.
Энэхүү багт Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор, цагдаагийн байгууллага болон тагнуулын албаны төлөөлөл багтаж байгаа юм.
Тэдний үүрэг нь 2026 оны нэгдүгээр сарын сүүлээр United States Department of Justice-оос нийтэд ил болгосон Эпштейнтэй холбоотой сая сая баримт бичгийг нарийвчлан шалгаж судлах явдал юм.
Эдгээр материалд 3 сая гаруй хуудас баримт бичиг, мөн бичлэг, гэрэл зураг, мессежүүд багтжээ.Шалгалтын гол анхаарал нь уг баримтуудад дурдагдсан “Польштой холбоотой сэжим”-үүдэд чиглэж байна.
Зарим баримтад Краков хотод амьдардаг хүмүүс Эпштейнд Польш эмэгтэйчүүд болон охидын бүлгийг нийлүүлэх боломжтой гэж ярьсан тухай дурдсан гэх мэдээлэл бий.
Ерөнхий сайд Туск Польшийн иргэд, ялангуяа насанд хүрээгүй хүмүүс Эпштейний сүлжээтэй холбоотой хүчирхийлэл, хүний наймааны хохирогч болсон эсэхийг тогтоохыг зорьж байна.
Хэрэв Польшийн иргэд оролцсон, эсвэл Польшийн нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдвол Польш улс өөрийн хэмжээнд бүрэн хэмжээний эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжтой.
Мөн шаардлагатай тохиолдолд АНУ-аас нийтэд ил болоогүй нэмэлт баримт материалыг гаргуулах хүсэлт тавьж магадгүй байна.
Үүнээс гадна Польшийн тал Эпштейн болон Оросын тагнуулын байгууллагын хооронд холбоо байсан эсэхийг ч шалгаж эхэлжээ. Ерөнхий сайд Туск үүнийг шантаажийн зорилготой байж болзошгүй “зөгийн балны урхи” ажиллагаа гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Орос-Украины дайны нөхцөл байдалтай уялдан Польшийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэмээн анхааруулсан байна.





