2026 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Онцлох мэдээлэл
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн байгалын унаган төрх сэргэлээ. “Оюу толгой” компани нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон ойн сан, усны нөөц бүхий газруудад газрын нөхөн сэргээлт хийж байна. Эдгээрээс онцлох нэгэн төсөл нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх 400 га талбай юм. Нөхөн сэргээлт 2023 онд хийгдсэнээс хойш 3 жилийн хугацаанд Ялбагийн хөндийн унаган төрх сэргэж, биологийн олон янз байдал мэдэгдэхүйц нэмэгдэн, ан амьтан эргэн нутагшиж, малчид амьдрах тухтай орчин бүрдлээ.
2026 оны хоёрдугаар улиралд нийт 834 тэрбум төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлжээ. Энэ дүн 2010 оноос хойш нийт 17.5 их наяд төгрөгт хүржээ.
Улсын төсөвт оруулсан үр өгөөж
“Оюу толгой” компани 2025 онд нийт 2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлж, шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа. Энэ дүн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг бүрдүүлж байгаа нь улсын төсвийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, төсвөөр санхүүждэг салбаруудын тогтвортой үйл ажиллагааг хангахад чухал хувь нэмэр оруулж байгааг илтгэж байна. https://shorturl.at/rmjgQ
Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрээр "Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүлсэн нь компанийн бодит үр өгөөж, бүтээж буй үнэ цэн, татварын орлого, ажлын байр болон дотоодын худалдан авалтаар дамжуулан улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг дахин бататган харууллаа.
Судалгаа, зөвлөх үйлчилгээний бие даасан MMCG компанийн хийсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд "Оюу толгой" компанийн оруулж буй хувь нэмэр” судалгааны үр дүнтэй доорх холбоосоор танилцах боломжтой. https://shorturl.at/7Z5Qm
Дотоодын худалдан авалт, эдийн засгийн идэвхжилд оруулсан үр өгөөж
2026 оны хоёрдугаар улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин хэлбэрээр 2.2 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 24.4 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.
Тус улиралд нийт 696 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 519 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85 хувийг буюу 1.3 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ.
Орон нутгийн тогтвортой хөгжилд оруулсан үр өгөөж
Оюу толгой үйлдвэр нь үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа тогтвортой хөгжлийг дэмжин түншилж байна.
“Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-ийн үйл ажиллагааны хүрээнд боловсрол, хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагаа, санаачилгууд улам өргөжиж байна. 2,000 гаруй сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдыг хамарсан “Дэлхийн иргэд Ханбогдоос 2026” боловсролын өдөрлөгийг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаад “Grow to Glow” уриа дор “Говийн бүсийн англи хэлний багш нарын зөвлөгөөн”-тэй хамтран зохион байгуулж, мэдлэг, туршлага солилцох, хамтран суралцах, урам зориг түгээх өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.
Мөн “Х.О.Т” хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийг ивээх сангийн “Би найзаа дэмжинэ” төсөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, өсвөр үеийнхний сэтгэлзүй, зан үйлийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй хүргэх, хүүхдэд ээлтэй орчныг бэхжүүлэх ажлыг эхлүүлэв.
Түүнчлэн Ханбогд суманд “Илгээлтийн багш” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 9 багш оролцон, 2,700 гаруй сурагчдад хүрч орон нутгийн боловсролын хөгжилд бодит хувь нэмэр орууллаа.
Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Ханбогд, Баян-Овоо, Цогт-Овоо, Манлай, Сэврэй, Баяндалай, Мандал-Овоо, Булган, Номгон, Хүрмэн, Ноён, Гурвантэс зэрэг сумдтай санхүүжилтийн квотын гэрээг зурснаар Өмнөговь аймгийн бүх сумтай 2026 оны квотын гэрээг байгуулж, орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан төслүүдийг үргэлжлүүлэн дэмжих суурь тавигдлаа. Гэрээгээр өмнөх жилүүдэд тус бүрт нь хэрэгжүүлсэн цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, дэд бүтэц, хог хаягдлын менежмент, иргэдийн орчныг сайжруулах болон хүүхэд, залуусын хөгжлийг дэмжсэн олон төслийн үр дүн дээр тулгуурлан орон нутгийн бодит хэрэгцээнд чиглэсэн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхээр тохиролцов.
2024–2028 онд хэрэгжиж буй “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Даланзадгад сумын 6 дугаар сургуульд “Говийн байгаль, экологи танин мэдэхүйн танхим” байгууллаа. Уг танхим нь тухайн сургуулиар хязгаарлагдахгүй бусад сургуулиудын сурагчдад ч байгаль, экологийн боловсрол олгох сургалт, танин мэдэхүйн нээлттэй орчин бүрдүүлж байгаа юм.
Хүний хөгжил, сургалт боловсролд оруулсан үр өгөөж
“Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.
“Оюу толгой” компани Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) төхөөрөмжийг 276 сая төгрөгийн санхүүжилтээр хүлээлгэн өглөө. Хүдэрт агуулагдах эрдсийн хэмжээг өндөр нарийвчлалтай тодорхойлох нь баяжуулах үйлдвэрийн бөмбөлөгт тээрмийн нунтаглалтын горимыг оновчтой тохируулах, улмаар металл авалт эдийн засгийн үр ашигтай байхад чухал нөлөөтэй тул эдгээр тоног төхөөрөмж нь зэсийн баяжмал үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулахад стратегийн ач холбогдолтой юм.
Оюу толгой үйлдвэр энэхүү шинжилгээг тогтмол хийлгэдэг бөгөөд Монгол Улсад шаардлагатай техник, технологи, хүний нөөцийн боломж бүрдээгүй тул Австрали Улсын Бундора судалгаа, хөгжүүлэлтийн төв рүү дээжээ илгээж, шинжилгээний хариугаа 4-5 сарын дараа хүлээн авдаг байсан юм. Харин энэхүү дэвшилтэт технологийг дотооддоо нэвтрүүлснээр 14 хоногийн дотор шинжилгээ хийх боломж бүрдэж, тээвэрлэлт болон гаалийн зардлыг бууруулж байна. Цаашлаад, энэхүү лаборатори нь зөвхөн Оюу толгойд төдийгүй Монголын уул уурхайн салбарын бусад аж ахуйн нэгжүүдэд ч өндөр ач холбогдолтой юм. https://shorturl.at/X6Mav
“Оюу толгой” компани алслагдмал дүүргийн өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүй болон бие бялдрын эрүүл мэндийг дэмжих зорилгоор 6 жилийн өмнө санаачлан эхлүүлсэн “Гэрэлт” төсөл нь өдгөө нийт 25 ЕБС-д хэрэгжиж, 66,000 гаруй хүүхэд, эцэг эхэд хүрээд байна. “Гүүд нэйборс Монгол” ОУТББ, “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ болон “Монголын Жюү жицүгийн холбоо”-той хамтран хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд 2025–2026 оны хичээлийн жилийн үр дүнгээр 4 сургуулийн 8–12 дугаар ангийн 1,000 гаруй сурагчдыг хамруулсан судалгаагаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг дунджаар 11%-аар нэмэгдсэн байна.
Зургаан жилийн хугацаанд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зөвлөгөө, сургалтын 50 жишиг танхим байгуулж, 40,000 гаруй хүүхдэд сургалт зохион байгуулан, 622 эрсдэлтэй тохиолдлыг эрт илрүүлж мэргэжлийн тусламжид холбон зуучилсан бөгөөд 643 үе тэнгийн зөвлөгч бэлтгэн, хүүхэд хамгааллын бодит арга хэмжээг хэрэгжүүлжээ. Мөн сэтгэл зүй, бие бялдрын хөгжлийг хослуулах хүрээнд жюү жицүгийн 3 клуб шинээр байгуулж, 200 гаруй хүүхэд хамрагдан, үндэсний болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
2026-2027 оны хичээлийн жилд Гэрэлт төсөл Чингэлтэй дүүргийн 23, 49, 50, 149-р сургуулиудад хэрэгжиж, хууль зүйн зөвлөгөө болон сурагчдын унших чадварыг дэмжих шинэ чиглэлүүдэд өргөжүүлэхээр төлөвлөж байна. https://shorturl.at/V2vkA
Тайлант хугацаанд 141 түнш байгууллагын нийт 7,093 ажилтныг сургалтын хөтөлбөрүүдэд хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүллээ. Үүнд:
o Аюулгүй ажиллагааны сургалт,
o Мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалт,
o Суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой ажлын байрны нарийн мэргэжлийн сургалтууд багтсан байна.
Байгаль орчны хамгаалалд оруулсан хөрөнгө оруулалт
“Оюу толгой” компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн талбараар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.
“Оюу толгой” компани нь Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох гэрээ хэлэлцээрийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж, хяналт, дүгнэлтийг тогтмол гаргаж ирсэн. 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 233 тэрбум төгрөг төлсөн. Мөн 2026 оны хоёрдугаар улиралд ашигласан усныхаа 86.7 хувийг дахин ашигласан бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.46 м³ ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас ойролцоогоор гурав дахин бага үзүүлэлт юм.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд Рио Тинто групп болон “Оюу толгой” компани хамтран хэрэгжүүлэх “Ухаа Заг” төслийн албан ёсны нээлт боллоо. 300 га талбайд заган ойжуулалт хийх энэхүү ажил нь “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсад нэг удаагийн тариалалтаар хамгийн том талбайд заган ойжуулалт хийнэ гэдгээрээ онцлог юм.
Ингэснээр элсний нүүдлийг сааруулах, хөрсний элэгдлийг бууруулах, биологийн олон янз байдлыг дэмжих замаар бүс нутгийн экологийн тогтвортой байдалд бодит хувь нэмэр оруулах юм. Төслийг хэрэгжүүлэхдээ цөлжилттэй тэмцэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын M-Grass Ecology and Environment Group компанитай хамтран дэвшилтэт технологи, туршлагыг Монголын нөхцөлд нутагшуулж, үндэсний компаниудтай хамтран ажиллаж байна. https://shorturl.at/ELtfK
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани нь 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон ойн сан, усны нөөц бүхий газруудад газрын нөхөн сэргээлт хийж байна. Энэхүү ажлын үр дүнд байгаль өөрийн жамаар нөхөн сэргэх боломж бүрдэж, биологийн олон янз байдал нэмэгдэн, амьтан, ургамал, бичил биетний амьдрах таатай орчин бүрдэж байна. 2022–2026 онд нийт 1600 гаруй га талбайд газрын нөхөн сэргээлт хийх бөгөөд үүний үр дүнд Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон томоохон хэмжээний талбай үлдэхгүй юм. Үүнд:
o 2022–2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайд,
o 2024 онд Дархан-Уул аймгийн Хонгор болон Шарын гол сумдад нийт 215.5 га талбайд,
o 2025 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол орчимд 600 га талбайд газрын нөхөн сэргээлт тус тус хийсэн.
o 2026 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр болон Ерөө сумын Бугант тосгонд 427 га талбайд хийх газрын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.
“100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо сумдад жилд нийт 750,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар (МҮГ)-ууд байгуулан 2024 онд орон нутагт хүлээлгэн өгсөн бол 2026 оны 5 дугаар сард Баян-Овоо, Манлай, Сэврэй сумдад жилд нийт 1,000,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газруудыг тус тус байгуулж, орон нутагт хүлээлгэн өглөө. Эдгээр МҮГ-ууд нь хүлэмж, агуулах, сэрүүн зоорь, гүний худаг зэрэг шаардлагатай суурь дэд бүтэц, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд цаашид энд бойжих тарьц, суулгацууд нь говийн бүсийн ойжуулалт, экологийн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал нөөц болж, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм. https://shorturl.at/nARhP
Архангай аймгийн Цэнхэр суманд жилд 1,500,000 ширхэг шилмүүст, навчит, жимсний мод, сөөгийн тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай орчин үеийн, механикжсан мод үржүүлгийн газар байгуулах барилгын ажлын шавыг тавилаа. Баруун бүсэд тарьц, суулгацын тогтвортой нийлүүлэлт хангалтгүй, мод үржүүлгийн суурь бааз хомс байдаг тул энэхүү төсөл нь бүс нутгийн ойжуулалтыг бодитоор дэмжих стратегийн ач холбогдолтой юм. "Оюу толгой" компани барилгын ажил болон эхний хоёр жилийн үйл ажиллагааны санхүүжилтийг бүрэн хариуцах бөгөөд цаашдын үйл ажиллагааг орон нутгийн “Цэцэрлэг мандал ар” ХХК хариуцна. https://shorturl.at/BcUSC
COP17-ыг угтан “Оюу толгой” компанийн санаачилгаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулсан “Хөх тэнгэр” хэлэлцүүлгээр хуурай бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, газрын доройтлыг саармагжуулах, бэлчээр болон усны тогтвортой удирдлагын шийдлүүдийг олон талын оролцоотой хэлэлцлээ. Энэхүү хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид болон орон нутгийн иргэдийг нэг дор нэгтгэн, сорилтуудыг илүү уялдаа холбоотой шийдвэрлэх, цаашид хамтарч ажиллах, COP17-ын хүрээнд өрнөх ажлуудын суурийг тавилаа. https://shorturl.at/TDW67
Ил тод байдал
2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын төлөөлөл Оюу толгойн уурхайн цогцолборт зочлон, усны менежмент, баяжуулах үйлдвэрийн ус дахин ашиглалт, хаягдлын далангийн үйл ажиллагаа болон шүүрлийн усны хяналт, засаж сайжруулах арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, бодит өгөгдөл болон олон жилийн мониторингийн үр дүнтэй танилцсан. “Оюу толгой” компани ИНБ-уудтай жилд 1-2 удаа тогтмол уулзаж, тайлан, мэдээллээ танилцуулан, санаа зовнисон асуудлуудад нь шаардлагатай мэдээллээр ханган, санал хүсэлтийг нь хүлээн авч хамтран ажиллаж ирсэн нь ил тод, нээлттэй харилцааг бэхжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ойлголцлыг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой юм. https://shorturl.at/daW5S
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын төлөөллүүд Оюу толгойн уурхайн ус ашиглалт, менежменттэй танилцахаар уурхайн талбарт 3 өдөр ажиллалаа. Энэ үеэр үйлдвэрлэлийн усны эх үүсвэр, нөөцлүүр, гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдлын сан, Ундайн сайр, Шинэ Бор-Овоогийн булаг зэрэг байршлуудад очиж танилцан, мэдээлэл авч, айлчлалын үр дүнд ус бохирдуулсны төлбөртэй холбоотой нэгдсэн ойлголтод хүрэх дараа дараагийн ажлуудыг хийхээр санал нэгдлээ. https://shorturl.at/biCIW
2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Оюу толгой” компанийн Хувьцаа эзэмшигчдийн энэ оны ээлжит хурал болж, “Оюу толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Рио Тинто” компанийн төлөөллүүд оролцлоо. Тус хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн баталсан юм. Үүний дагуу, Оюу толгой үйлдвэр 2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Энэхүү тайланд уурхайн үйлдвэрлэл, санхүүгийн мэдээллээс гадна ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлд гаргасан хүчин чармайлт, ололт амжилт, орон нутгийн иргэдийн аж амьдралыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр, санаачилга болон бусад мэдээ, мэдээлэл багтсан болно.Дэлгэрэнгүй тайлантай энэ холбоосоор танилцана уу: https://shorturl.at/4UTf5
Олборлолт, үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл
2026 оны хоёрдугаар улиралд гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.33 ногдлоо. Жилийн зорилтот түвшин 0.27-д хүрэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, ил уурхай өндөр агуулгатай хүдрийн бүсүүдэд нэвтэрснээр зэс, алтны үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй байна. Үүний үр дүнд 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн гүйцэтгэл өндөр байж, оны үлдсэн хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх баттай суурийг бүрдүүллээ.
Панель 0-ийн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрсэн нь гүний уурхайн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх төлөвлөгөөний чухал алхам боллоо. Үүний зэрэгцээ Панель 2 Хойд (P2N)-ын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж байгаа нь олборлолтын хэмжээ цаашид тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.
2026 оны хоёрдугаар улиралд гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн томоохон засвар үйлчилгээ, төлөвлөгөөт зогсолтын ажлуудыг аюул, осолгүйгээр амжилттай хэрэгжүүллээ. Үүнд гүний уурхайн хүдэр өргөх, бутлах, тээвэрлэх системүүд, ил уурхайн ачилтын техникүүд, мөн баяжуулах үйлдвэрийн бутлуурын туузан дамжуурга болон тээрмийн гол тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ багтав. Эдгээр ажлыг үйлдвэрлэлд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр гүйцэтгэн, оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлийг тогтвортой, найдвартай үргэлжлүүлэх бэлэн байдлыг хангалаа.






