Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр /2026.11.03/ Г.Мөнх-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээд Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулууныг удаа дараа гүтгэн, нэр төр алдар хүндэд нь халдсан гэж шийдвэрлэжээ.
Ингэхдээ Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахыг шийдвэрт тусгажээ.
Г.Мөнх-Эрдэнэ нь академич С.Чулууныг 640 мянган нүүр хуудас бүхий архивын баримтыг БНХАУ-ын сургуульд үнэ төлбөргүй хуулбарлаж өгсөн, Өндөр гэгээн Занабазарын намтартай холбогдох хосгүй баримтыг мөн эмхэтгэл болгож БНХАУ руу үнэ төлбөргүй гаргасан, академич хэргэмийг хуурамчаар авсан, бусдын оюуны өмчид халдсан зэргээр хэвлэлд ярилцлага өгч, сошиал хуудсаараа мөн тайлбар хийж байв. Г.Мөнх-Эрдэнийн дээрх мэдээллийг няцааж, академич С.Чулууныг шүүхэд хандахад тэрбээр “Хэрэв шүүх намайг С.Чулууныг гүтгэснийг тогтоовол би шийдвэрийг хүндэтгэж, уучлалт гуйна. Гоншигнолгүй биелүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Сануулахад, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн энэхүү шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр юм.
Шүүхийн шийдвэрийг https://shuukh.mn/single_case/221964 линкээр үзэх боломжтой.




